Мэттьюс: Яагаад чи байсхийгээд алга болчихдог юм бэ? гэж асуудаг

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 02

Ямайкийн эмэгтэйчүүдийн шигшээ багийн 29 настай тоглогч Чейна Мэттьюс энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ)-ий нэгэн чимэг болсон бүсгүй.

Тэрбээр гурван хүүхэдтэй ч эх орныхоо төлөө тоглохоор Шинэ Зеланд болон Австралид болж буй ДАШТ-д ирээд байгаа юм.

“Би гурван хөөрхөн хүүхэдтэй. Гурав дахь хүүхдээ төрүүлсний дараагаар ч хөлбөмбөгөө орхилгүй тоглосоор л байгаа. Том болохоороо намайг яаж энэ бүхнийг амжуулж байсан юм бэ гээд магтах болов уу гэж найддаг. Ээж болно гэдэг энэ амьдралын хамгийн сайхан зүйл. Юугаар ч сольшгүй аз жаргал.


Ээжийн үүргийг хөлбөмбөгчийнхтэй хоршуулж зохицуулна гэдэг ДАШТ-ий үеэр маш нарийн төлөвлөгөө гаргахыг шаардаж байна.

Хэн хүүхдүүдийг минь харах вэ гэдгээс л эхэлнэ шүү дээ. Би тэмцээний өмнө хүүхдүүдээсээ аажим аажмаар холдож дасгадаг юм. “Яагаад чи байсхийгээд алга болчихдог юм бэ? Хэдэн хоног харагдсангүй” гэж том хүү минь уурлахдаа нүдэнд нь нулимс цийлэгнэдэг юм.
 


Эмэгтэй тамирчид бид хувийн амьдралаа золиослогчид. Хүүхдүүд бол хичнээн тайлбарлаж, аргадлаа ч ээжийгээ л санана шүү дээ. Юу хийгээд алга болчихдог юм бэ л гэнэ.

Хожигдсон, ядарсан, бухимдсан байлаа ч гэсэн хүүхдүүд ээжээсээ их хүч, хайр энэрэлийг л хүлээдэг. Миний хувьд бол хүүхдүүддээ зориулах тэр хүчээ талбай дээр гаргаж таардаг” хэмээн Мэттьюс өгүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top