Монголын Хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны урт хугацааны стратеги төлөвлөгөөний дагуу Лигийн хөгжлийг хурдасгах үүднээс Европын хөлбөмбөгийн холбоотой хамтран “UEFA-ASSIST” төслийн хүрээнд 2022 оны есдүгээр сараас эхлэн хөлбөмбөгийн лигийг шинэчлэх үйл ажиллагааг эхлүүлсэн билээ.
Энэ ажлын хүрээнд МХБХ-ны Зөвлөлийн 2023 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн №05 тоот "Лигийн төслийн нэгж байгуулах тухай" тогтоолыг үндэслэн лигийн клубүүдийн удирдлагууд гуравдугаар сарын 31-ний өдрийн хурлаар "ЛИГИЙН ЗӨВЛӨЛ"-ийг нийт 19 гишүүдийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
Үүний хүрээнд МХБХ-ны ерөнхийлөгч М.Болд Лигийн зөвлөлийн дарга М.Амарбаясгалан болон Монголын Спортын Корпорацийн гүйцэтгэх захирал Б.Хосбаяр нартай лигүүдийг мэргэжлийн түвшинд хүргэх зорилгын хүрээнд харилцан тохиролцож гурван талын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.
Тус санамж бичгийн хүрээнд "Үндэсний дээд лиг" болон "Үндэсний Нэгдүгээр лиг"-ийн үйл ажиллагаа менежментийг тус байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулж, МХБХ Үндэсний дээд лигийн шагналын сан, клуб лицензжүүлэлтийн шалгуур үзүүлэлтийн дэмжлэг зэрэг 1,550,000,000 төгрөгийн дэмжлэгийг Их хурлаар баталсан төсвийн хүрээнд санхүүжүүлэх, мөн тоглолтын талбай, шүүгч, бусад дэмжлэгийг үзүүлэх зэрэг бодлогын болон санхүүгийн дэмжлэгийг тус тус үзүүлэх юм.
Ийнхүү тус гурван талын хамтын ажиллагаа нь 2029 он хүртэл буюу нийт зургаан жилийн хугацаанд үргэлжилж, МХБХ нь Лигийн зөвлөл болон Монголын спортын корпорацитай хамтран ажиллана. Монголын спортын корпораци нь өмнө нь Монголын сагсан бөмбөгийн лигийг өндөр түвшинд зохион байгуулсан туршлагатай компани юм.
Ингэснээр тун удахгүй эхлэх 2023-2024 оны улиралд Үндэсний дээд лиг болон Үндэсний нэгдүгээр лигийн энэ намар эхлэх эхний тойргоор бэлтгэл ажлуудыг хангаж, 2024 оны хаврын улирлын тойргуудаас шинэ өнгө төрхтэйгээр шинэчилсэн менежмент, зохион байгуулалтайгаар эхлэх болно.
Сэтгэгдэл ( 0 )