Concrete Utopia киноны талаарх хэвлэлийн бага хуралд оролцохдоо жүжигчин Пак Со Жүн ютүбэр бүсгүй Xooos-той болзож байгаа эсэх талаар ярихаас зайлсхийж, хувийн амьдралаа олонд дэлгэхээс болгоомжилж буйгаа өнгөрсөн зургаадугаар сарын дундуур илэрхийлсэн.
Тэгвэл наймдугаар сарын 1-нд мөн киноны талаарх хэвлэлийн бага хуралд оролцоход нь сэтгүүлч түүнээс яагаад хувийн амьдралаа тэгтлээ нууцлах болсон шалтгааныг нь лавлаж асуужээ. Энэхүү асуултад Пак Со Жүн ингэж хариулсан байна.
“Хувийн амьдралаа нууцлах, хувийн мэдээллээ аль болох дэлгэхгүй байя гэсэн бодолд хүргэсэн шалтгаан бий. Нэг удаа би авто зогсоол дээр очихдоо машинтай хүн намайг ажиглаж, дагаж буйг анзаарсан юм. Хоёр сар орчим намайг дагасан. Тэр машин заримдаа миний очих гэж байгаа газарт түрүүлээд оччихсон байдаг байлаа. Энэ их аймшигтай санагдсан. Тэр үеэс л хувийн амьдралаа нууцлах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Одоо манай гэр бүлийнхэн ч гэсэн маш болгоомжтой байх болсон. Гэр бүлийнхэн минь яачих бол гэсэн айдас төрөөд буй учраас намайг тайван байлгах үүднээс илүү болгоомжилж байгаа гэж хэлэх нь зөв байх. Өмнө нь би гэр бүлийн зурагаа баяр жаргалтайгаар дэлгэн харуулж, хүмүүс рүү илгээдэг байлаа.
Харин одоо бол ямар гэнэн, нээлттэй байснаа ойлгож харамсах болсон. Аливаа юманд зааг хязгаар байх ёстой гэдгийг ойлгосон. Тэр намайг дагаад байсан хүн дараа нь өөр машин уначихаад мөн л дагаж эхэлсэн. Одоо ч гэсэн намайг дагасаар л байгаа. Тиймээс би илүү болгоомжтой байх болсон юм” хэмээн Пак Со Жүн мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )