Шинэ АРСЛАН төрсөн даншиг наадмын бөхийн ТОЙМ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 06

"Хүрээ цам-даншиг наадам" хоёр өдрийн турш Хүй долоон худагт боллоо. 

Тус наадмын үндэсний бөхийн барилдаанд хүчит 256 бөх барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Сокол" ХХК, "Хатант интернэшнл" ХХК, "Бөхбилэгт" дэвжээний бөх, Улсын үнэн зоригт харцага Б.Зоригтбаатар түрүүлсэн бол Төв аймгийн Сүмбэр сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Билэгт жонон" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, Улсын начин Г.Ганжад үзүүрлэлээ.

Б.Зоригтбаатар харцагын хувьд хэдхэн хоногийн өмнө болсон Архангай аймгийн 100 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн билээ. 

Тэрбээр "Даншиг наадам-Хүрээ цам 2023" наадамд түрүүлснээр Даншгийн "Арслан" цолны болзол хангаж байна.

Барилдааны Их шөвөгт  Улсын заан Б.Бат-Өлзий, Улсын харцага С.Сүхбат нар шалгарлаа. Мөн Улсын арслан М.Бадарч, Улсын начин Б.Даваа-Очир, Т.Дүгэрдорж нар бага шөвөгт үлдлээ.

Тус барилдааны үеэр "Самъяа" хийдийн бөх, аймгийн начин Б.Галсайханыг хаслаа. Учир нь бөхийн барилдааны 3, 4, 5-ын даваануудад Улсын начин Э.Ванданцэрэн, Улсын өсөх идэр начин Н.Мустафа, Улсын өсөх идэр начин Ч.Батчулуун нар барилдахгүйгээр тахимаа өгөх, гарч ирэхгүй байх, огт идэвхгүй барилдах зэрэг үйлдлүүд гаргасан тул наадмыг үл хүндэтгэсэн хэмээн Цэц үзэж, ийм шийдвэр гаргажээ. Мөн дээрх гурван бөхөд хариуцлага тооцох асуудлыг МҮБХ-ны Ёс зүй, сахилга, хариуцлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэхээр болсныг мэдэгдэв. 

Энэ жилийн Даншиг наадмын бас нэг онцлог нь Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанууд болж, Монгол туургатны өргөн дэлгэр наадам болсон явдал байлаа. 

Өвөрмонгол бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Пирамид орд" ХХК, "Түшээт ханы аварга дэвжээ"-ний бөх, Улсын өсөх идэр начин Э.Даш түрүүлж, Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Мөнхөд Ашдын зам" ХХК, "Нэгдэл" клуб, "Даян" дэвжээний бөх, Улсын харцага Ш.Пүрэвгарьд үзүүрлэлээ.
 

Дөрөвт Дундговь аймгийн арслан Х.Батбаяр, ӨМӨЗО-ны бөх н.Батжаргал нар шалгарав. 

Буриад бөхийн барилдаанд 64 бөх барилдсанаас Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, "Алдар" спорт хороо, ОСНААУГ, "Их Монголын хүчтэн" дэвжээний бөх, аймгийн харцага Б.Өлзийсайхан түрүүлж, Ховд аймгийн Булган сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Булган өгөөж", "Нэгдэл" клуб, "Ховд" дэвжээний бөх, Улсын харцага Г.Ганхуяг үзүүрлэв.

Дөрөвт Говьсүмбэр аймгийн арслан Б.Гончигтавхай, Дорнод аймгийн заан Г.Төрболд нар шалгарлаа.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.84.178) 2023 оны 08 сарын 11

Өвөр монгол бөхийн барилдаан буриад бөхийн барилдануудад амжилт үзүүлсэн бөхчүүдэд цол олгохгүй юмуу. Үндэсний бөхөд нъ бол цол олгоод байгаашдээ.

0  |  0
9999(66.181.161.29) 2023 оны 08 сарын 09

За яахав дээ , наадам хийгээ л биз, МАНай Монголд наадам, баяр ямар дуусах биш хөөрхийс, атаархагсад ам хэлээ тат!!!!! сайхан барилдсан бөхчүүддээ баяр хүргье,

0  |  0
Энгүүн(103.68.107.106) 2023 оны 08 сарын 08

Өвөр монгол, буриад бөхийн барилдаан дан халхууд түрүүлэх юм, яагаад?

0  |  0
зочин(66.181.183.53) 2023 оны 08 сарын 09

Бөхчүүдийг Спорт хороо,ХХК , дэвжээ гээд олон газрууд тэжээдгээ болимоор юмаа. Ажил хийхгүй аархсан л амьтад. . .\n

3  |  1
Зочин(192.82.84.74) 2023 оны 08 сарын 07

Даншиг ч гамшиг болоод дуусах шиг, бөхчингүүд нь л баяжиж, баян тансаг амьдарч байвал бусад нь яах вэ дээ

1  |  1
Top