Английн Супер цом /Коммюнити Шилд/-ын эзнээр “Арсенал” тодорлоо. Өчигдөр шөнө “Их буучид” үндсэн цагийн төгсгөлд буюу 90+11 дэх минутад тэнцээний гоол хийгээд, тоглолтын дараах пенальтиар 4:1-ээр “Манчестер Сити”-г илүүрхэн, цом өргөлөө.
Шүүгч тоглолтын үндсэн цаг дээр +8 минут нэмсэн нь хөлбөмбөгчдийн гэмтэл, эмчийн туслалцаанаас шалтгаалан дахин уртсаж, 10 гаруй минут үргэлжилсэн юм. Катарт болсон ДАШТ-ий үеэр нэг тоглолтыг дунджаар 16 минут 34 секундээр сунгаж тоглуулсан гэсэн дүн гарсан. Үүнийг ч Английн Хөлбөмбөгт энэ улирлаас эхлэн баримталж, тоглолтын явц дахь сул зогсолтуудыг үндсэн цаг дээр нэмэх болсны эхний илрэл нь энэ боллоо.
Тэгвэл ийнхүү олон минутаар сунгадаг болсонд “Манчестер Сити”-гийн дасгалжуулагч Пеп Гвардиола эгдүүцэж буйгаа илэрхийлжээ.
“Уг нь бид 1:0-ээр хожиж явсан юм. Одоо тэгээд үүнд дасах л хэрэгтэй болж байх шиг. Тоглолтын явцад сул зогсолт бага гарсан учир найман минут сунгана гэдэг дэндүү урт юм шиг санагдлаа. Ингэж олон минутаар сунгах тухай ерөнхий зааварчилгаа өгсөн байгууллагад нь энэ удаагийн тоглолт сайн асуулт тавьчихлаа. Хөлбөмбөгчидтэй ч, дасгалжуулагчидтай ч зөвлөлдөлгүй ийм шийдвэрийг тэр хүмүүс гаргасан.
Бид хүлцэн тэвчиж, хүлээн авах л ёстой болж байна. Одоо тоглолтууд ойролцоогоор 100 минут үргэлжилдэг болох нь. Гоол орууллаа гэж минут нэмнэ. Гоол оруулах тоолонд тоглолт уртасна. Тоглолтын дүн 4:3 байлаа гэж бодъё. Гоол бүр дээр 45 секунд сунгана гэвэл 7 гоолоороо үржүүлнэ. Ингээд байвал бид өглөөний 8 цаг гэхэд тоглож л байх юм байна. Энэ талаар ямар бодолтой байгааг минь битгий асуу. 10 минут нэмлээ гээд цаг барьдаг асуудлыг шийдэхгүй. Харин хөлбөмбөгчид илүү их ядрах болно. Ингэж олон минут сунгах нь арай хэтэрсэн хэрэг” хэмээн Гвардиола өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Цаг ч дуусчихсан л байсан даа, шүүгчийн л хийж байгаа ажил
Гоншигносон халзан лалар