А.Билэгт Орчин үеийн таван төрөлтийн ОУ-ын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 12


 

Монголын орчин үеийн таван төрөлтийн тамирчин Амарсанаагийн Билэгт БНСУ-ын Өмнөд Чолла мужийн төв Хаэнам хотод зохиогдсон "Korea Open" олон улсын тэмцээний U-17 ангилалд 15  орны 81 тамирчинтай өрсөлдөж, хүрэл медаль хүртлээ.

Энэ амжилт нь олимпын эртний төрөл  болох Орчин үеийн таван төрөлтийн спортын түүхэнд Монголын  тамирчны хүртсэн хамгийн анхны медаль болж байна.

Монголын орчин үеийн таван төрөлтийн тамирчид "Пукет-2014" Азийн элсний наадам, "Алматы-2022" болон "Паттаяа-2023" Азийн АШТ-д  оролцсон бөгөөд өдгөө "Ханжоу-2023" Азийн наадамд өрсөлдөхөөр ахлах дасгалжуулагч Д.Батсүрэнгийн удирдлага дор бэлтгэлээ базааж байна.

 

 

Монголын орчин үеийн таван төрөлтийн холбоог спортынхны дунд "Сато" хэмээн алдаршсан Ч.Отгонбаатар анх 2011 онд үүсгэн байгуулж, Ерөнхийлөгчөөр нь сонгогдсон  бөгөөд  тэр жилдээ Олон улсын пентатлоны холбоо (UIPM, 1948 онд байгуулагдсан, төв нь Монакод)-нд гишүүнээр элссэн түүхтэй.

Орчин цагийн олимпизмийг үндэслэгч Пьер Кубертэний үлэмж дэмждэг байсан агаад  "Стокхольм-1912"  наадмаас олимпийн төрөлд албан ёсоор багтсан, дэлхийн  топ  спорт пентатлон нь манай эх оронд хөгжих эхлэлээ амжилттай тавьж, хүүхэд залуучууд сонирхон хичээллэж буйг энэ удаагийн амжилтаас харж болно.

"Modern pentathlon" буюу орчин үеийн таван төрөлтийн тамирчид нь туялзуур сэлэм, усанд сэлэлт, морьтой саад харайлт, буудлага, гүйлтээс бүрдсэн адармаатай угсраа тэмцээнд өрсөлддөг. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top