“YOUNG REPORTER“ төслийн залуу сэтгүүлчид МҮОХ-нд зочиллоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 21

Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо, МҮОХ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран спортын залуу сэтгүүлчдийг бэлтгэх Young Reporter төслийг Зүүн Азийн залуучуудын наадмын үеэр хэрэгжүүлж буй. 

Төсөлд дөрвөн хүүхэд шалгаран оролцож буйн хоёр нь Хятадын Тайваниас ирсэн Жен Цо Ма, Юү Тон Ван нар юм. Мөн "Шинэ Эрин" сургуулийн сурагч Б.Энэрэл, 1-р сургуулийн сурагч Б.Нямхишиг нар Монголоосоо сонгогдон оролцож байна. 

Зүүн Азийн залуучуудын наадамд ажиллан туршлага судалж буй залуу сэтгүүлчдийг өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар "Олимпик хаус"-т хүлээн авч уулзлаа. 
 

 

Залуу сэтгүүлчид зураг хэрхэн авах, медиа контент хэрхэн бэлтгэх, телевизийн сэтгүүлчид хэрхэн ажилладагтай танилцаж, спортын мэдээ бичихийг заалгаж, спортын тэмцээн уралдааны талбарт хэрхэн ажиллах талаар туршлага хуримтлуулж байгаа болохыг "Young Reporter" төслийн удирдагч Ч.Отгонбаатар танилцуулав. 
 

 

Энэ үеэр Жен Цо Ма “Өдийд Тайваньд их халуун байдаг. Харин Монголд сэрүүхэн байгаа нь сайхан санагдаж байна. Би спортын сэтгүүлч болохыг хүсдэг. Монголд ирж, Зүүн Азийн залуучуудын наадамд ажиллаж байгаа нь миний хувьд онцгой дурсамж болж байна” гэв.

Харин Юү Тон Ван “Би телевизийн сурвалжлагч болохыг хүсдэг. Монголд ирж, хэвлэл мэдээллийнхний ажилтай танилцаж байгаа нь надад маш их туршлага болж байна” гэсэн юм.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг залуу сэтгүүлчдэд амжилт хүсэж, цаашид хамтран ажиллах боломж нээлттэй байгааг хэлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top