С.Эрдэнэчимэг: Хүлэгү хааны байгуулсан Ил хаадын нутгаар аялахыг мөрөөддөг

2023 оны 08 сарын 24

МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч С.Эрдэнэчимэг “Дэндүү гэгээн хайр”, “Хөлчүү цагийн хүсэл”, “Гэрэлт хайрын цэцэг”, “Хөх хун”, “Надад итгэ”, “Газрын тамга” зэрэг шүлэг яруу найргийн ном, “Дурлал шиг бүсгүй”,Ангир сүүн ээжий” Зүүд ижилсэх хань, “Зүйрлэх аргагүй нутаг”, “Ариун эх орон”, “Тахилын гурван шүтээн” зэрэг 20 гаруй дууны шүлэг, “Амьдралын дараачийн учрал”,Тэнгэр уулын монгол цэрэг” уран сайхны роман, “Ил хаан Хүлэгү”, “Ил хаан Өлзийт” түүхэн роман зэрэг уншигчдын амтархан унших дуртай утга уянгын олон сайхан  бүтээл туурвиж, Ж.Хейерийн “Вильгельм”түүхэн роман, Луйза Хейгийн “Амьдрал ба гайхамшиг” сэтгэл зүйн романыг орчуулсан  авьяаслаг нэгэн билээ. Найрагч бүсгүй эдгээр урт удаан настай  бүтээлийнхээ ихэнх санааг Ази, Европын орнуудаар аялж явахдаа олсон гэдэг. Тэрбээр  түүх шашин, философи сонирхдог төдийгүй спортоор хичээллэж, хүн болоод байгаль дэлхийн хүйн холбоог эрхэмлэн үздэг өвөрмөц сэтгэхүйтэй нэгэн юм.  Тиймээс уран бүтээл, түүх шашин, хувь хүний үзэл бодол гээд олон сэдвээр өрнөсөн энэхүү ярилцлага уншигч танд нэгийг бодогдуулж, гэрэл гэгээ нэмнэ гэдэгт итгэж байна.


-Ном бүтээл гэдэг хэдэн шөнө нойргүй хонож, хэдэн жил дотор сэтгэлдээ бясалгаж явсны эцэст амилдаг. Тиймээс эмэгтэй уран бүтээлч байх зарим үед амаргүй санагддаг юм?

-Аливаа хүн амьдарч буй нийгмийнхээ нэгээхэн хэсэг нь. Эмэгтэй хүн болж төрсөндөө өөрийгөө азтайд тооцдог. Эрчүүдээс арай “буянтай” олон ажил бүтээх мэнгэнд төрөө юу даа. Нөмөр сүүдэрт нь даруухан алхах бүсгүй хүн “Би”гэдгээ аль хэдийнэ анзаарахаа больж, нирванд хүрсэн эрчүүдийн олон арван жил тэмцэн байж олсон “Эго”-гүй төлөвт хүрсэн байдаг. Энэ утгаараа бичсэн бүх номондоо сэтгэл гаргасан даа.

-Таны зарим уран бүтээлийн онцлог, агуулгаас сонирхмоор санагдлаа. Тухайлбал, 2008 онд бичиж байсан  нэгэн сонирхолтой бүтээл болох “Амьдралын дараачийн учрал”роман байна?

-Энэ романыг  бичнэ гэж олон жил бодож явсан. Роман бичих хэцүү, бөөн логик. Гэтэл шүлэг бол х цэвэр онгод. Байгалиас ирдэг энэ сайхан мэдрэмжинд улам ихээр хөглөгддөг. Харин утга агуулгын хувьд би буддын шашинтан. Сургааль  ёсоор хүн тоймгүй олон удаа төрдөг гэж үздэг. Буян хийвэл төрөл дээшилнэ, нүгэл хийвэл доошоо унана гэдэг. Үүнд суурилан түүхэн дээр түшиглээд “ Ухаарал” буюу гэгээрэлд хүрч буй монгол хүний тухай бичсэн. Романаа бичихийн тулд Энэтхэг, Төвөд, Буриадаар явж, бурхад төрдөг нутагт, төрүүлсэн ард түмнийг нь өөрийн нүдээр харж, зүрхээрээ мэдэрсэн.

-Тэндээс өвөрлөж ирсэн сонин хачин, сайхан түүхүүд романд  бүхэлдээ туссан байх нь ээ?

-Энэ газраас монгол нутгаа ямар сайхан орон болохыг, монгол хүн ямар гайхамшигтай болохыг мэдэрсэн. Загас далайдаа байхдаа хэр зэрэг том, гүн хийгээд баян далайд амьдарч байгаагаа эрэг дээр нь гарч харддаггүй шиг хүн ардаа мэддэггүй. Европын баян орноор орж гарч явахдаа мөн энэ бүхнийг ажигласан. Монгол хүн, монгол үндэстэн онцгой, маш их энерги эрч хүчтэй. Монгол хүнийг баяжих донгоос нь салгаад зөв тийш нь залчихвал бидэн шиг гэгээлэг,цэцэн  билэгтэй ард түмэн ховор.

-Бүтээлүүдээс харахад та  үндэсний үзэлтэй хүн юм. Энэ тухайд юу хэлэх бол?

-Эр хүнд “Би” байдаг бол эмэгтэй хүнд “манайх, минийх” гэсэн уяас бий. Миний эх орон, манай нутаг гэх зэргээр явцуурах нь ч энүүхэнд. Дэлхий ертөнц ухаарч, сэхээрч байгаа энэ үед Будда, Есүс, Мухаммед, Лаозын мэдэрсэн “одоо”цагт нь амьдарч үзэхээр өөрөө өөртэйгээ  үзэлцэж байна. Гэвч өнгөрсөн түүх рүүгээ байн байн өнгийж, урагшаа уулыг нурааж, усыг ширгээж, эх орныг минь онгичож байгаа сохор хүмүүс рүү харах бүрд уур хүрдэг. Энэ бүхнийг хараагүй юм шиг эсвэл зуун мод тайрч, мянган мод суулгалаа гэж өөртөө худал  хэлж, эсвэл гол мөрөн, горхи булгийг ширгээгүй ундраасан гэж зүүдлэх л үлдлээ.

-Дэлгэр зунтай хамт аялал зугаалгын цаг ирж байна. Онцлон асуухад таныг аялах явцдаа уран бүтээлийнхээ санааг олдог гэж эртнээс сонсч байлаа?

-Аялах дуртай хүний хувьд залуу байхаасаа олон орноор аялсан. Эхлээд зорилгогүй аялдаг байсан бол сүүлийн үед мэргэжлийнхээ хүрээнд  Монголынхоо түүхийг сонирхож явдаг болоод байгаа. Үүний нэг жишээ дөрвөн жилийн өмнө Дундад Азиар аялсан явдал юм. Явахынхаа өмнө судалж байсан зүйлүүдээ сэргээж уншсан учраас хөтлөгч буюу дээдэстэй нь тухайн улсын үүх түүхийнх нь талаар маш сайн ойлголцож чадсан. Ялангуяа би монгол хүн, Монголын Дундад зууны үеийн түүх танай түүхтэй маш холбоотой гэж хэлснийг минь ихэд үнэлж билээ. Тэд үсрэнгүй хөгжиж байгаа энэ цаг үед маш олон баримтуудыг биднээс илүү мэддэг юм байна лээ. Энэ дундаас Узбек орон түүхийнхээ дурсгалыг маш сайн хадгалж үлдсэн нь их таалагдсан. Тийм учраас цаашдаа бид үүх түүхээ уламжлал болгон хадгалж явах нь ирээдүйдээ оруулж буй хөрөнгө оруулалт юм байна  гэдгийг эндээс олж мэдсэн. Биднийг энгийн ард түмэн нь сайхан хүлээж аваад өөрсдийнхөө дурсамжуудыг ярьж сэтгэгдлээ хуваалцсан нь мартагдашгүй сайхан үйл явдал болсон доо. Мөн сүүлийн үед дотоодын аялалуудыг сонирхдог болж  Баян-Өлгий аймагт орших Алтай Таван Богдоор аялаад ирсэн. Энэ бүс нутаг Хятадтай хиллэдэг. Маш үзэсгэлэнтэй, ялангуяа зуны улиралд сэтгэл сэргээж, хийморь бадраадаг учраас хүмүүс их зорьж очдог юм билээ. Европоос олон жуулчид, мөн Америкаас дугуйчид явж байхтай таарсан.

-Таны цаашдын аяллын төлөвлөгөөг  сонирхвол?

-Чингис хааны ач хүү Хүлэгү хааны байгуулсан Ил хаадын нутгаар аялах мөрөөдөлтэй. Ил хаан Хүлэгү, Ил хаан Өлзийт гэсэн хоёр түүхэн роман бичсэн. Өлзийт хааны бунхан дэлхийн соёлын өвд ( Юнеско ) бүртгэн авсан байдаг. Судрын чуулганыг Өлзийт хааны ах Газан ( Хасан ч гэдэг) санаачилж Өлзийт хаан бүтээлгэж гардан авсан. Рашид-ад-дины бүтээл, монгол эрдэмтэн Болд чинсан болон бусад монгол түүхчид бичгийн хүмүүсийн гар бие оролцон бүтээсэн энэ судрыг хүлээн авсан болон Өлзийт хааны үед номын сан байсан энэ суварга шүтээнд очих мөрөөдөлтэй. Бурхан багшийн гэгээрсэн Лүмбинид, ариун энергийн цөм гэгддэг Кайлас уулын хормойд нь ч болтугай очих юмсан гэсэн бодолтой. Аялах бүрд  ертөнцийг үзэх үзэл өөрчлөгдөж, өөрийгөө ямар улс оронд хэрхэн яаж амьдарч байгаагаа бусадтай харьцуулж үзэх боломж ирдэг юм. Тодруулбал, оюун санааг минь тэлж, нүд баясч,сэтгэл сэргэдэг гэсэн үг. Энэ мэт олон газраар явах мөрөөдөл маань хэзээ нэг өдөр биелнэ гэдэгт итгэдэг.

-Аялал уран бүтээл хоёрын ялгаатай ба нэгдмэл чанарын талаар таны бодол юу байдаг бол?

-Дэлхий ертөнц гэдэг нэг бүтэн ном. Аялал гэдэг нь тэр номны хэсгээс уншиж байгаа хэлбэр хэмээснийг санаж байна. Сүүлийн үед монголчууд бидний ертөнцийг үзэх үзэлд өөрчлөлт орж орон гүрэн бүрийн байгалийн гайхамшиг , хүн төрөлхтний бүтээсэн санаанд багташгүй соёл бүтээн байгуулалтыг мянга сонсохоор нэг үз хэмээдгийн дагуу үзэж их аялдаг болжээ. Аяллын минь онцлог бол түүхэн жимээр явах дуртай. Дэлхийн түүхэнд оруулсан өвөг дээдсийн минь хувь нэмэр хэчнээн гүн гүнзгий,  утга учиртай өөрчлөн байгуулсан шинж чанартай эерэг өөдрөг гэдгийг алхам тутамдаа мэдрэх бол миний хамгийн их таашаал авдаг тэр хэсэг.  Тэр үед би өөрийгөө ямар өчүүхэн, өвөг дээдэс минь ямар их агуу болохыг мэдэрч байлаа. Тийм  учраас  урлагийн цуутай нийслэл Парист  олон жилийн өмнө очсон. Орно дорно өмнө хойт нутгийн бүх гайхамшиг цугласан Луврын музей бол нэг ороод гарахад даанч чамлалтай, ерөнхийдөө л атаархал байсныг тодхон санаж байна.

-Та байсхийгээд л томоохон түүхэн роман бичдэг. Ер нь нэг уран бүтээл хэдий хугацаанд гараас гардаг вэ?

-Шүлэг яруу найргийн хувьд төдийд өдийд гэсэн хугацаа байдаггүй орж ирсэн үед нь л бичдэг. Романы хувьд тухайлбал, “Ил хаан хүлэгү” романаа 16 жил бодож байж бичсэн дээ.

-Таны  уран бүтээлээсээ авдаг эрч хүч, сэтгэл ханамж гэвэл?

-Хүний амьдралд олон сайхан зүйл тохиолддог. Энэ дундаас хийе гэж бодож байсан бүтээлийнхээ ард гарсны дараа үнэхээр сайхан мэдрэмж төрж, эрч хүч, урам зоригийг нэгэн зэрэг авдаг даа. Цаашдаа түүхээс сэдэвлэж, баримтаар баталгаажуулсан түүхэн романууд бичих төлөвлөгөөтэйй байгаа. Түүх, газар зүйн багш хүний хувьд залуугаасаа түүх сонирхож, уншиж, судалж, сүүлдээ улам гүнзгийрэх хандлагатай болсон нь бага ч атугай миний амжилт юм уу даа.

-Тэгвэл гэгээрэл танд ойрхон санагддаг уу?

-Дэлхий дээр олон хүн гэгээрэлд хүрсээр байгаа. Тэр дундаа монголчууд бид хичээх шаардлагатай. Ухамсар цэцэглэсэн газар сайн сайхан дэлгэрдэг жамтай. Шашин бодит байдал, хийсвэрлэл хоёрыг холбодог гүүр. Амьдрал дээр шашныг сүм хийд лам нар төлөөлдөг. Гэтэл жинхэнээсээ ухаарч сэхээрсэн хүмүүсээр дутсан өнөөгийн сүм хийдүүд нийгэмд нэмэр болохоос илүү нэрмээс болж байна. Жинхэнэ үнэнийг, жинхэнэ утга учир, ёсыг сахиж чадахгүй байж  яаж тэд бусдын оюун санааг удирдаж, бурхан шашны зан үйлд хүн ардаа хөтөлж чадах юм бэ.

-Бурхан болоод  хайрын тухай таны ойлголт?

-Өмнө нь бурхан гэж биднээс тусдаа, дээд тэнгэрт энэрэнгүй олон дүрийг агуулж, уйлсан хүний нулимсыг арчиж, гуйсан хүний хүслийг биелүүлдэг гэж ойлгодог байлаа. Харин одоогийнхоор хүн, энерги. Энерги учраас үүсдэггүй, устдаггүй. Сансраас сайн муу энергийн алийг нь дамжуулах вэ гэдэг нь тухайн хүний хэлж буй үг, бодож буй бодол, хийж буй үйлдлээс хамаардаг юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл бурхан болох, буг болох нь биднээс шалтгаалах зүйл.

-Уран бүтээлчид их нээлттэй нөхөрсөг,сониуч  хүмүүс байдаг шүү дээ . Иймд та амьдралын найз нөхөд, дайсны тухай бодолтой явдаг вэ?

-Ганцаараа ирээд, ганцаараа буцдаг нь хорвоогийн жам. Есүс “ чиний нэг хацрыг алгадвал нөгөө хацраа тавьж өг” гэж сургасан ч бий. Амьдралын урт замд зүйл бүрийн  хүмүүстэй найзалж, нөхөрлөж,итгэж итгүүлж явлаа. Харин “мод шиг” үнэнч хүнтэй таарч байсангүй. Өгсөхөд дагаж ургаад, уруудахад минь өшиглөөд, мөнгөгүй бол дуу нь гардаггүй хүн ч олон. Нөхөр, дайсан хоёр хоёулаа чиний багш гэхээр уур хүрдэг байж билээ.“Найзалж явсан найз шигээ, дайсагнаж яваа дайсан шигээ байж үл болно” гэсэн сургаал байсан юм билээ.

-Харин та “мод” шиг  байж чадсан болов уу?

-Би чадсан. Учир нь мод ургадгаараа ургаж, навч шилмүүсээрээ гоёно. Харин алт эрдэнэс, алмазыг модонд зүүвэл ёолк шиг харагдана. Урвахгүй, шарвахгүй, шунахгүй байж чадах уу гээд ...амьдрал надаас олон шалгалт авсан ч шалгалт бүрийг сайн дүнтэй өгч тухайн үедээ өвлийн өвгөнөөс бэлэг авч байлаа. Амьдрал ийм сонирхолтой баялаг зүйл дээ.

-Ингэхэд амьдралыг хүмүүс өөр өөрийнхөөрөө таньж, тайлбарлах нь бий. Таны хувьд?

-Амьдрал бол сургууль.  Ингэж үл болно гэсэн төлбөртэй жүжгүүд. Хамгийн харамсалтай нь “амьдрал” жүжиг”-ийн 90 хувь нь үл болно гэсэн хаягтай байдаг. Өөрийнхөө тухайд гэвэл эх орноо хайрладаг, өвөг дээдсээ шүтдэг үр хүүхэддээ бүхнээ зориулдаг жирийн нэгэн монгол эмэгтэй. Харин мөрөөдөл бол өндөрөөс өндөр.

-Таны шүлгүүдэд ямар  сэдвүүд  зонхилдог вэ?

-Шүлгийг нэг хайрцганд биш янз бүрээр бичих ёстой. Гэвч сүүлийн үед ихэвчлэн түүхийн болон эх орны сэдвээр бичдэг болоод байгаа.

 

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top