Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Зүүн Азийн залуучуудын наадам тамирчин, дасгалжуулагчдаас гадна олон сонирхолтой зочидтой байгаагийн нэг хэсэг нь “Өсвөрийн сурвалжлагчид" буюу "Young Reporter" хөтөлбөрт хамрагдсан сурагчид юм.
Олон улсын практикийн дагуу хэрэгжүүлдэг уг хөтөлбөр гурван үе шаттай үргэлжилсэн ба Монголоос хоёр сурагч, Хятадын Тайвань улсаас мөн хоёр сурагч шалгаран, Зүүн Азийн залуучуудын наадмыг сурвалжилж байна. Ма Жень-Цо, Ван И-Тун нар Тайванаас ирсэн, хоёулаа Каошюн хотын ахлах сургуулийн сурагчид бол "Шинэ Эрин" сургуулийн сурагч Б.Энэрэл, Нэгдүгээр сургуулийн Б.Нямхишиг нар Улаанбаатараас шалгаран, хөтөлбөрт хамрагджээ.
Зүүн Азийн Залуучуудын наадмын халуун цэг дээр ажиллаж буй өсвөрийн сурвалжлагчид өнөөдөр "Эрхэт Монгол" медиа группийн сэтгүүлч, уран бүтээлчидтэй уулзан, ТВ8 телевиз, "Өглөөний сонин", "Зиндаа" сэтгүүл, Zindaa.mn сайтын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, сонирхлоо.
Сагсан бөмбөг, бадминтон, хоккей, волейболын спортоор хичээллэдэг, ирээдүйд спортын сэтгүүлч, нэвтрүүлэгч, хөтлөгч болох хүсэл мөрөөдөлтэй залуу сурвалжлагчид Зүүн азийн залуучуудын наадмын үеэр тэмцээн, уралдааны талбарт ажиллахаас гадна Монголын соёл, спорт, хэвлэлийн байгууллагуудаар зочлон, хүссэн мэдээллүүдээ авч байгаа тухайгаа хуваалцаж байв. Тухайлбал, тэднийг энэ долоо хоногт МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар "Олимпик хаус"-т хүлээн авч уулзсан байна. Мөн амралын өдрүүдэд "Нүүдэлчин" фестивалийг үзсэн нь ихэд таалагджээ.
Спортын залуу сэтгүүлчдийг дэмжих "Young Reporter" хөтөлбөрийг Зүүн Азийн залуучуудын наадмын Зохион байгуулах хороо, МҮОХ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо хамтран хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )