Монголын хип хоп ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа хэдийнэ бий болгож, өгүүлж буй санаа, үг хэлээрээ "аянга" мэт "ниргэж" чаддаг реппэр Тандер ирэх есдүгээр сарын 9-ний өдөр анхны бие даасан "Нэг л өдөр" тоглолтоо хийх гэж байна.
Түүний бие даасан тоглолтыг сонсогчид нь удаан хугацааны турш хүлээсэн. Сонсогчдынхоо хүлээлтэд нийцсэн, хэн бүхэнд хүртээмжтэй тоглолт зохион байгуулахаар ажиллаж буй тэрээр тэргэнцэртэй иргэдэд зориулсан тусгай хэсэг гаргахаар болсон нь олны талархлыг хүлээгээд байна. Урьд өмнө нь уран бүтээлчид энэ төрлийн шийдэл гаргаж байсан удаагүй. Уран бүтээлээрээ хүүхэд залуусын тархийг цэнэглэж, хийж бүй үйлдлээрээ үлгэрлэж явдаг тэрээр энэ удаад ч мөн сонсогчдынхоо тэгш, хүртээмжтэй байдлыг хангахаа мартсангүй.
Энэхүү тоглолтыг үзэхээр зорин ирсэн тэргэнцэртэй иргэд харгалзах хүний хамтаар тус тусын тасалбарыг аван үйчлүүлэх бөгөөд ямар нэгэн оочер дараалалгүй нэвтэрч, тусгай хэсэгт тухлан тоглолтоо үзэх боломжтой ажээ.
Үргэлжид зөв зүйлд уриалж байдаг тэрээр урлагт хөл тавиад хэдийнэ 10 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хамтран ажилласан бүхий л уран бүтээлчид нь түүний тоглолтод хүрэлцэн ирэх гэнэ. Тоглолт зохион байгуулагчид үзэгчдээ тав тухтай байлгахын тулд хэрэгцээтэй бүхий л зүйлсийг бэлдэж байгаа учир үзэгчдээ ч мөн соёлч боловсон, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг уриалжээ.
Тоглолтын тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )