Герман, Монголын хамтарсан зуны сургалтын тайланг танилцуулна  

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 25

Соёл урлагийн их сургууль гадаад харилцаа, хамтын ажиллагааныхаа хүрээнд ХБНГУ-ийн Дортмунд хотын их сургууль, "Урбан Номадс - Номад Ситизенс" ТТБ-тай хамтран 2012 оноос хойш хамтран ажиллаж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, олон улсын зуны сургалт явуулах зэрэг ажлуудыг уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн.

Энэ төсөл нь Монголын үндэсний уламжлжлалт соёл урлагийн өвийг дэлхий нийтээр хэрэгжүүлж буй тэргүүлэх арга барилтай хослуулан туршиж, “Гурав дахь шинэ арга хандлага”-ыг гаргаж авах, ингэснээр цаашдын хөгжлийн гарцыг нээх зорилготой.

Энэ үйл ажиллагааг хоёр талын их, дээд сургуулиудын хоорондын хамтын ажиллагаа, харилцан солилцооны зарчим дээр тулгуурлан, урлагийн бүхий л салбарыг хамран (interdisciplinary) явуулдаг тул урлагийн судалгаа шинжилгээ, боловсролыг “мэргэжлийн үүднээс дэмжих” орчин бүрддэг.

Мэргэжлийн байгууллагуудын удирдлаган доор зохион байгуулагдаж буй энэ төсөлд улс орнуудын мэргэжлийн болон мэргэжлийн бус ард иргэд, олон хэл соёл, арьс өнгөний ялгаварлалгүй, нийгмийн бүлэглэлийн хязгаарлалгүй, өөрсдийн хүсэл сонирхлоор нээлттэй хамтран оролцох боломжтой. Энэ жил бидний анхаарлыг татаж, хэлэцүүлэгдэж байгаа сэдэв бол монгол хүний өвөрмөц онцлог “Идентитет”-ийн асуудал юм.

Тиймээс "Соёлуудын өвөрмөц онцлог - Дэлхийн хямралын эрин үед соёл уламжлал, хөгжил дэвшлийн тэнцвэрт байдлыг хадгалах" нь сэдэвт энэ сургалтын үеэр бид, Монгол орны ирээдүйн хөгжил дэвшлийг “оролцогчид” хэрхэн төсөөлдөг, түүний төлөө өөрийн зүгээс юу хийж байгаа, цаашдаа юу хийх хүсэл эрмэлзэлтэй явдаг талаар ярилцан, “Монгол хүний өвөрмөц онцлог юунд оршдог, түүнд ямар хүчин зүйлс нөлөөлдөг, өөрсдийн онцлог чанараа хадгалж авч үлдэхээс гадна цаашид түүнийг хэрхэн хөгжүүлэх вэ” гэдэг талаарх санаа бодлоо Өрөг урлаг (инсталляц) -ийн бүтээл болон перформанс тоглолт хэлбэрээр өнөөдөр орой буюу 2023.08.25-ны өдрийн 19:00 цагт Улсын их дэлгүүрийн урд талд байрлах “Битлз”-ийн хөшөөний дэргэдэх талбайд нийслэлийн иргэдийн хүртээл болгохоор зорин ажиллаж байна.

Энэ жил тус сургалт нь 2023.08.15-ны өдрөөс эхлэн 2023.08.25-ны өдрийг дуустал “Соёлуудын өвөрмөц онцлог- Дэлхийн хямралын эрин үед соёл уламжлал, хөгжил дэвшлийн тэнцвэрт байдлыг хадгалах” сэдвийн хүрээнд 5 зочин профессор, 2 гадаад оюутан болон СУИС-ийн Театрын сургуулийн 6 багш, 14 оюутан, Дүрслэх Дизайн урлагийн сургуулийн 2 багш, 8 оюутан, нийт 40 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр амжилттай явагдаж байна.

Тус сургалтын төслийг үүсгэн санаачлагч нь  ХБНГУ-ын Урбан Номадс- Номад Ситизенс ТТБ-ийн захирал, найруулагч, урлагийн менежер Коринна Бетге,  театр судлаач Мөнхбаярын Баярмаа нар юм.

Энэ удаагийн сургалтанд  зуны сургалтын удирдагчаар ХБНГУ-ын  Дортмунд хотын  дээд сургуулиас  профессор Ларс Хармсен 2 оюутны хамт, Швейцар улсаас  профессор Ханнэс Бруннер, нэрт жүжигчин, перформер- Викторинe Мюллер нар хүрэлцэн ирж СУИС-ийн Театрын сургууль, Дүрслэх Дизайн урлагийн академийн багш оюутнуудтай хамтран ажиллаж байна.

Б.Даваа, СУИС, Театрын сургууль

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(59.153.115.247) 2023 оны 08 сарын 25

hhhaaahhh

0  |  0
Top