Үндэсний хөлбөмбөгийн холбооны төлөөллүүд Сиднейд уригдлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ОУХБХ)-ноос 211 гишүүн холбоодын төлөөллийг Сидней хотод урьж, эмэгтэй хөлбөмбөгийн чиг хандлагын талаар семинар зохион байгууллаа.

Уг семинарт эмэгтэй хөлбөмбөгийн тоглогчдын бие бялдрын онцлог, эрэгтэй хөлбөмбөгөөс ялгаатай байдлыг харуулсан олон судалгаа шинжилгээний тайланг олон нийтэд танилцууллаа.

Уг семинарыг тохиолдуулан Монголын хөлбөмбөгийн холбоо (МХБХ)-ны Ерөнхийлөгч М.Болд ОУХБХ-ны Ерөнхийлөгч Жианни Инфантинотой танилцах уулзалт хийхээс эхлэн тэнд хуран цугласан бусад албаны хүмүүстэй ажил хэрэгч уулзалтууд хийлээ.

Үүнээс заримыг онцолбол:

Дараагийн буюу 2027 оны эмэгтэйчүүдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийн төлөө хүч үзэж буй Бельги, Нидерланд, Герман улсуудтай гурвалсан уулзалтаар тус хөлбөмбөгийн холбоодын Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга нарыг Монгол улсад хүрэлцэн ирэхийг урьж мөн МХБХ-ны Эйрдомд нөхөрсөг тоглолт хийх, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантиног Монгол улсад айлчилж Эйрдом төслийн албан ёсны нээлтийг хийх гэх зэрэг уулзалтуудыг хийв.

Мөн энэ үеэр Зүүн Азийн хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хуралд оролцож зүүн Азийн хөлбөмбөгийн 9 гишүүн холбоодын төлөөлөлтэй уулзаж танилцлаа.

Олон улсын эмэгтэй дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Австрали, Шинэ Зеланд улсууд хамтран зохион байгуулж байгаатай уялдуулан Азийн Хөлбөмбөгийн Холбооны эмэгтэй хөлбөмбөгийн хорооны анхны уулзалт болсон бөгөөд тус хуралд тус хорооны гишүүн, МХБХ гадаад харилцааны дарга С.Монголжингоо оролцож эмэгтэй хөлбөмбөгт Азийн Хөлбөмбөгийн Холбооны ирэх 4 жилд зохион байгуулах арга хэмжээ, тэмцээн уралдааны талаар мэдээлэл авав.

Эх сурвалж: МХБХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top