Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

Монгол Улсын Их хурлаас “Спортод допинг хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц”-д Монгол Улс нэгдсэн орсныг соёрхон батлах тухай” хуулийг 2007 онд баталсан бөгөөд тус конвенцын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Биеийн тамир, спортын тухай хуульд “Допингийн эсрэг үндэсний дүрмийг Засгийн газар баталж, мөрдүүлнэ” гэж заасан билээ.

Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын үндэсний олимпын хороо, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр, спортын холбоод зэрэг холбогдох байгууллагын төлөөллийг оролцуулан байгуулсан ажлын хэсэг нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг WADA-аас гаргасан загвар, зөвлөмжийн дагуу “Допингийн эсрэг үндэсний дүрэм”-ийг боловсруулж Монгол Улсын Засгийн газраар 2022 онд батлуулсан.

Энэхүү дүрэм нь Монголын Үндэсний допингийн эсрэг байгууллага, төрийн захиргааны байгууллага, спортын холбоодын допингийн эсрэг чиг үүргийг тодорхой болгож, допингийн зөрчил, нотолгоо, хориотой бодисын жагсаалт, шинжилгээ, үр дүнг тооцох, хувь хүн болон байгууллагад оноох шийтгэл, шүүх, нууцлал ба мэдээлэл, боловсрол, судалгаа, үүрэг, хариуцлага зэрэг харилцааг олон улсын жишгийн дагуу зохицуулж байна.

Допингийн эсрэг үндэсний дүрмийн 23-р хэсэгт манай улсын допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг Засгийн газар байгуулах, мөн зөвлөлийн бүрэлдэхүүнд орох байгууллагуудын талаар тодорхой заасан байдаг. Үүний дагуу өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Допингийн эсрэг Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа.

Үндэсний зөвлөл нь допингийн эсрэг үйл ажиллагааг үндэсний хэмжээнд удирдан зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх, хөндлөнгийн хяналт тавих, зөвлөх, мэдээлэл солилцох үүрэгтэй бөгөөд харин Допингийн эсрэг үндэсний байгууллагын допингийн шинжилгээтэй холбогдох үйл ажиллагаанд огт оролцохгүй, допингийн шинжилгээний явцын бие даасан байдлыг хатуу мөрдөх учиртай. Тус зөвлөлийг Монгол улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны дарга ахалж бүрэлдэхүүнд спортын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, Монголын үндэсний олимпын хороо, Допингийн эсрэг үндэсний төв, хууль, эрүүл мэнд, цагдаа, гааль, авлигатай тэмцэх газрын төлөөлөл багтжээ.

Энэхүү зөвлөл байгуулагдсанаар төрийн зүгээс манай улсын допингийн эсрэг үйл ажиллагааны эрхзүйн орчныг бүрэн утгаар бүрдүүлсэн гэж үзнэ. Харин одоо орлцогч төрийн бус байгууллага, тамирчин, дасгалжуулагч нар дүрмээ хатуу сахиж иргэдийн зүгээс хяналт тавьж дуу хоолойгоо хүргэх буюу хамтгийн чухал ажил хийх л үлдлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top