Шилдэг хөнгөн атлетикч С.Эрдэнэтуяа Сөүлд хурд сорьжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 09 сарын 02

Хөнгөн атлетикийн шилдэг тамирчдын нэг, БНСУ-ын Сөүл хотноо суух Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэтуяа БНСУ-ын Сөүл хотод болсон "Seoul Open run" уралдааны 5, 10 км-ын гүйлтэд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ.

С.Эрдэнэтуяа нь Хэнтий аймгийн шилдэг сурган хүмүүжүүлэгчдийн нэг, Монгол Улсын Гавьяат багш Дүгэрийн Ренчингийн удирдлаган дор Хөнгөн атлетикийн спортоор 1986-2002 онд тасралтгүй хичээллэсэн билээ. 

Түүний хөнгөн атлетикийн спортоор 17 жил хичээллэхдээ гаргасан амжилтуудаас нь дурдвал, 1988-1996 онд Хөнгөн атлетикийн өсвөр үе, идэрчүүд, насанд хүргэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт медаль 30, мөнгөн медаль 2, нийт 32 медаль, 1996-2001 онд Хөнгөн атлетикийн насанд хүргэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн, Монголын оюутны спортын их наадам, Монголын Бүх Ард түмний спортын их наадмуудаас алт медаль 14, мөнгө медаль 4, хүрэл медаль 1, нийт 19 медаль, бүгд алтан медаль 44, мөнгөн медаль 6, хүрэл 1, улсын чанартай тэмцээн, их наадмуудаас нийт 51 медаль хүртэж, Монгол Улсын шинэ дээд амжилтыг 14 удаа шинэчилэн тогтоож байсан юм. 
 


Хөнгөн атлетикийн олон улсын тэмцээнд 8 удаа Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож, Монгол Улсын шинэ дээд амжилтыг 6 удаа, 1991 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан Залуучуудын хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3000 метрийн зайд Монгол улсын рекорд амжилт, 1999 онд Испани улсын Севилла хотноо зохион байгуулагдсан Хөнгөн атлетикийн Дэлхийн аварга шалгаруулах VII тэмцээний 5000 метрийн зайд Монгол улсын шинэ дээд амжилтыг шинэчлэн тогтоож, Монгол улсын шинэ дээд (рекорд) амжилтыг нийт 22 удаа шинэчлэн тогтоосон ба түүний дотор 1991 онд БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан Залуучуудын хөнгөн атлетикийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3000 метрийн зайд шагналт IV байрт шалгарч, Монгол Улсын шинэ дээд амжилт тогтоож, өнөөг хүртэл "Идэрчүүдийн рекордч тамирчин"-ыг 33 дахь жилдээ эзэмшиж байгаа. 

Улсад 29 жил ажиллахдаа 1991-1997 онд Монгол Улсын шигшээ багт Хөнгөн атлетикийн тамирчин, 2001-2002 онд Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газарт мэргэжилтэн (дасгалжуулагч), 2003-2004 онд түүхт Хэрлэн нэгдүгээр сургуульдаа биеийн тамирын багш, хөнгөн атлетикийн дасгалжуулагч, 2004-2006 онд “Аварга” Биеийн тамирын дээд сургуулийн Хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагч, "Аварга" бүрэн дунд сургуулийн биеийн тамирын багш, 2006-2021 онд Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хорооны мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2021 оноос БНСУ-ын Сөүл хотноо суух Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Итгэмжлэгдсэн төлөөлөгч, МҮПХорооны Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top