ДАРХАН УУЛ | Монгол Улсад анх удаа, төрийн өмчийн бүх ЕБС-иуд “УХААЛАГ ТАНХИМ”-тай боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

 

Залуусын гэх тодотголтой Дархан-Уул аймгаас хичээлийн шинэ жилийн онцлох мэдээг хүлээн авлаа. Сүүлийн жилүүдэд тус аймагт боловсролын салбарт томоохон бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд шат дараатай хийгдсэнээр сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдэж, сургалтын орчин ч сайжирсаар байна.

Монгол Улсад анх удаа, Дархан-Уул аймгийн төрийн хэвшлийн бүх ЕБС-иудад Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар "УХААЛАГ ТАНХИМ" нээгдэж, 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн босгон дээр ашиглалтад орж байна. "УХААЛАГ ТАНХИМ"-ын хамгийн эхний нээлтийг тус аймгийн Орхон сумын 8 дугаар сургуулиас эхлүүлжээ. Тус танхим нь Өндөр хурдны интернэттэй, 20 сурагч нэгэн зэрэг зөөврийн компьютероор холбогдон орон зайнаас үл хамааран бүх судлагдахуун хичээл, сургалтад цахим болон танхим хослуулан хамрагдах боломжтой. Түүнчлэн ухаалаг дэлгэц, самбартай, өндөр зэрэглэлийн зүүм камертай, мөн бүх сурагчид орчин үеийн стандартад нийцсэн зориулалтын ширээ, сандалтай гэдгээрээ онцлог юм. Сурагчид орон нутагтаа мэдээлэл технологийн дэвшилттэй танилцан, дэлхийн боловсролыг эзэмших эхлэл нь тавигдаж байна.

Энэ мэтчлэн, Дархан-Уул аймгийн төрийн хэвшлийн нийт 17 сургуульд 19 "УХААЛАГ ТАНХИМ" ашиглалтад орж байна. Багшийн зааж буй хичээлд танхим болон онлайнаар оролцож буй бүх сурагчид нэг цаг хугацаанд нэгэн зэрэг суралцах боломжтой. Мэдээлэл технологийн багш нарын хувьд “УХААЛАГ ТАНХИМ” нь сурагчдад өгч буй оюуны хамгийн зөв хөрөнгө оруулалт боллоо гэдгийг онцоллоо. 

2022-2023 онд Дархан-Уул аймгийн боловсролын салбарт улсын төсвийн 30 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгджээ. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top