Хилийн чанадад суугаа Монгол Улсын Өргөмжит консулуудын X зөвлөлдөх уулзалт 2023 оны 9 дүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдав. Уулзалтад 33 улсад томилогдон ажиллаж байгаа 46 Өргөмжит консул оролцлоо.
Өргөмжит консулууд зөвлөлдөх уулзалтаараа тодорхой асуудал хэлэлцдэг уламжлалтай бөгөөд энэ жилийн уулзалт “Шинэ сэргэлтийн бодлого” сэдвийн хүрээнд болж өнгөрөв.
Уулзалтад Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Цахим хөгжил, холбоо харилцааны яам болон Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төвийн холбогдох албан тушаалтнууд оролцож, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өөрийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний талаар мэдээлэл өгч, Өргөмжит консулуудын сонирхсон асуултад хариулав.
Мөн Монголын бизнесийн зөвлөлөөс Өргөмжит консулуудад зориулсан бизнес уулзалтыг зохион байгуулж, Монгол Улсад бизнес эрхлэх орчин, хөрөнгө оруулалт хийх боломжийн талаар санал солилцлоо.
Манай улс 1992 онд анхны хилийн чанадад суух Өргөмжит консулаа томилон ажиллуулж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар гадаадын 49 улсад Монгол Улсын 75 Өргөмжит консул томилогдон ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )