Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК нь 1990 онд Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулагдсан. 2009-2010 онд Төмөртолгойн төмрийн хүдрийн ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж ил уурхай байгуулан, төмрийн хүдрийг хуурай орчинд боловсруулан баяжмал үйлдвэрлэж эхэлжээ. 2014 онд “Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр Эдийн засаг, хөгжлийн яамтай концессын гэрээ байгуулсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Засгийн газар 148-р тогтоолоороо 2022 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр гэрээг цуцалсан юм.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” нь жилдээ 100 мянган тонн ган цувимал бүтээгдээхүүн, 2,5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлдэг. “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийг хэрэгжүүлэх концессын гэрээ хэрэгжиж байх үед концесс эзэмшигчид үйлдвэрийн техник технологи, машин механизмд засвар үйлчилгээ хийгээгүй, сэлбэг хэрэгсэл, бараа материалын татан авалтыг зогсоосон байсан учраас үйлдвэрлэлийн хэвийн ажиллах үйл явц алдагдаж эхлээд байсан.
Засгийн газрын шийдвэрээр төр буцаан авч удирдлага менежментийг шинэчилснээр үйлдвэрийн үйл ажиллагаа хэвийн горимдоо шилжээд байна. Төр өмчөө эргүүлэн авах үед буюу 2022 оны дөрөвдүгээр сард 9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 онд 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байгааг Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав танилцууллаа. Тус үйлдвэр 2023 онд улсын төсөвт 15,2 тэрбум төгрөг үүнээс Дархан-Уул аймгийн төсөвт 13 тэрбум төгрөгийг төвлөрүүлжээ. Үр ашгийн хувьд 2022 оны наймдугаар сарын байдлаар 9,6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байсан бол энэ оны мөн үед 17,3 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаад байна.
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д “Кью Эс Си” ХХК 2,28 их наяд төгрөгийн хохирол учруулсан хэмээн Ажлын хэсэг тогтоосон. Үүн дээр үйлдвэрийн барилга байгууламж, техник тоног төхөөрөмж, ирээдүйд борлуулалтаас орж ирэх орлого 9434 тонн ган бүтээгдэхүүн, 972,4 тонн төмрийн хүдрийн баяжмал зэргийг концессын гэрээтэй байх үедээ “Кью Эс Си” ХХК Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар банкны зээлийн барьцаанд тавьжээ. Эдгээртэй холбоотой хэрэг үүсгэгдэн хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Кью Эс Си” компанийн тус үйлдвэрт учруулсан хохирлын асуудалд анхаарч ажиллахыг Сангийн сайдад үүрэг болголоо. Түүнчлэн Дарханы төмөрлөгийн үйлдвэр нь гангийн үйлдвэрлэлийн суурь болох ёстойг онцолж тус үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, улмаар дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах хэмжээнд хүргэхэд анхаарч ажиллах, тус компанийн эзэмшилд буй Төмөртэй уурхай болон Хуст-Уулын ордуудыг хяналтдаа авах үүрэг өглөө.
“Эрдэнэс Монгол” нэгдэл “Эрдэнэс” ҮТП байгуулах зөвшөөрлийг өнгөрсөн долдугаар сард Засгийн газраас авсан. Эдгээр үйлдвэр технологийн парк байгуулах ажлын хүрээнд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн “Ган боловсруулах цогцолбор”-ыг гурван үе шаттай байгуулж, 2027 онд ашиглалтад оруулахаар ажиллаж буйгэж “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт танилцууллаа. Ган бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлтийн судалгаагаар 2023 онд жилийн хэрэгцээ 500-600 мянган орчим тонн байгаа бол энэ тоо 2027 онд нэг сая тонн давна гэсэн тооцоололтой байна. Энэ хэрэгцээг хангахын тулд одооноос бэлдэж, “Ган боловсруулах цогцолбор”-ын эхний хэсэг болох Шууд ангижруулсан төмөр (ШАТ)-ийн үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулна. ШАТ үйлдвэрлэл нь ган хайлуулах явцыг нэг шат ахиулж, баяжмалыг нэмүү өртөг шингээн бүтээгдэхүүн болгох үйлдвэр юм. Энэ үйлдвэр нь одоогийн гангийн үйлдвэрийг хүдрийн гаралтай түүхий эд болох шууд ангижруулсан төмрөөр хангах зорилготой бөгөөд жилийн 100 мянган тонн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай байна. Жилд нэг сая тонн ган бэлдэц үйлдвэрлэх хүчин чадалтай “Ган боловсруулах цогцолбор”-оос 500 мянган тонн бэлдэцийг дотоодын хэрэгцээнд ашиглах бөгөөд үлдсэнийг зах зээлд нийлүүлнэ гэж тооцоолж байна.
Сэтгэгдэл ( 4 )
”Дарханы төмөрлөгийн үйлдвэр” -г дээрэмдэн авч ашиггүй болгосн дээрэмчидтэй яагаад хариуцлага тооцохгүй байна??? үүний ард эрлегжорж байдаг гэсэн байх аа!!!!!!!!!!!!! эрлегжорж бол Монголын №1 дайсан.............
Данх мал үйлдвэрийн талаар үхсэн ацаа мэдэх вэ дээ
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг луйварчид тоноод дууссан ш дээ хэн дуртай шахаа хийж хувьдаа хөрөнгө босдог болсон ш дээ тэрнээс энэ үйлдвэр ашигтай байх боломж дандаа байдаг байсан шүү
Юун худлаа шаагаад байгаа юм бэ 250 мянган тонн гэлдээ