Дорнод аймгийн Халхгол сумаар саяхан ороод ирлээ. Халхын голын дайныг нутаг дээрээ үзсэний гэрч бууны сум, бөмбөгний сорвийг өнөөдөр ч хөрсөн дээрээ тээж, түүхэн цагийн хөшөө дурсгалуудыг эгнүүлсэн бидний хүндэлж хайрлах ёстой тус нутаг өнөөдөр ямархан дүр төрхтэй байгааг энэ зуур сонирхов.
Буйр нуураар БНХАУ-тай залгасан усан хилтэй, улирлын чанартай ажилладаг Баянхошуу-Өвдөг, олон улсын зорчигч, ачаа тээврийн харилцааны зориулалттай түр ажиллагаатай Сүмбэр-Рашаан хилийн боомтуудаар өмнөд хөрштэй харилцсан, алдарт Мэнэнгийн тал, Вангийн цагаан уул, Их Бурхантын хөндий зэрэг домогт газруудаараа цуутай энэ сум Монгол Улсын 300 гаруй сумаас хамгийн том газар нутагтай юм. Тэнд анхлан ирсэн хэн бүхний сэтгэлийг сумын тохилог сайхан шинэ төв эрхгүй татна.
Халхын голын дайны 80 жилийн ойгоор, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалын үеэр ОХУ-ын "Роснефть" компанийн санхүүжилтээр “Шинэ сум” төслийг хэрэгжүүлж Монголын талаас "Их модун" ХХК, барилгын цэргийн 138,110 дугаар ангийн дайчид, сумын иргэд бүтээн байгуулалтад гар бие оролцон байгуулсан энэ төв үнэхээр сүрлэг сайхан.
Сумын Засаг даргын Тамгын газар, 250 хүний суудалтай соёлын төв, 20 ортой эмнэлэг, 650 хүүхдийн дунд сургууль, 180 хүүхдийн дотуур байр, 150 хүүхдийн цэцэрлэг, спортын танхим, хөлбөмбөгийн талбай зэрэг нь Монголын өөр хаана ч байхгүй уран барилгын цогцолбор, цэвэр цэмцгэрээрээ хараа булаана. Сумын 300 гаруй хүүхэд 650 суудалтай саруул тухлаг сургуультай гээд бодоход нэг ээлжээр хичээллэж, ямар ч секц, дугуйлан, өдөр өнжүүлэх бүлэг ажиллуулж болохоор юм.
Гагцхүү урам хугармаар нь эндээс ганц км хүрэхгүй шахам зайд буй сумын иргэд аж төрж, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд төвлөрсөн хуучин төв өнөөдөрхөн дайн болсон мэт ундуй сундуй харагдах ажээ. Манай энд дээр үед байлдаан болж байсан газар юм шүү гэсэн шиг, ердөө саяхан сум шунгинаж бөмбөг дэлбэрсэн мэт, суурин хүмүүс аж төрдөггүй гэж үү гэмээр эмх цэгц тун ч тааруу.
Сум 3000 гаруй хүн амтай. Хуучин цагт Халхголын Сангийн аж ахуй төвлөрч байх үед барьж байгуулсан чанар сайтай тоосгон барилга ихтэй, багахан засаж додомдоход сэргээд ирэхээр харагдана. Гэвч дотор нь хүн ажилласаар, амьдарсаар атал өөд таталгүй зөнд нь орхисон нь дийлэнх. Сумын алдартнуудын цээж баримлыг хүндэтгэн залсан Цэцэрлэгт хүрээлэн ч тохь муутай. Уг нь Монгол Улсын хамгийн анхны адуучин, хоньчин баатрууд төрсөн хөдөлмөрч олны нутаг юм.
Шинэ төвөөс бусад хэсэгтээ боловсон 00 байхгүй, модон жорлонтой. Нийслэл хотын захаар ч ийм л байгаа болохоор алс хязгаарын тус суманд үүнээс илүүг нэхэх нь одоогоор мөрөөдөл гэдэг нь ойлгомжтой. Гэвч хамгийн хэцүү нь түүндээ малын сэвс, гэдэс дотрыг гялгар уутанд хийгээд хаячихсан байх нь тааралдана. Хүний ялгадас, малын дотроос гарсан зүйлс нэг дор бөөгнөрч, түүн дээр батгана шавчихаар үнэр танар ямархан байх нь ойлгомжтой. Муу усны нүхгүйн улмаас өглөө оройд хавь ойрын орон сууцнаас гунхсан бүсгүйчүүд том хувинтай угаадас барьж гарч ирцгээн хэдхэн алхаад хандсан зүгтээ пал хийтэл цацчихаад хээв нэг явцгаах нь ердийн зүйл бололтой. Дээхнэ үед Хятадын Эрээн хотын гудамж л ийм байдагсан. Тэндээс хэдхэн метрийн цаана алдарт Халхгол шуугин урсаж байна.
Хуучин төв дотроо цардмал зам тавихаар эхлүүлсэн ажил нь дуусаагүй, газар сайгүй замын хөвөө, бордюр хөглөрч, ухаад орхисон нүхэнд нь орой үдшийн цагт тээглэж унамаар хонхойж харлана. Ядаж байхад гэрэлтүүлэг тун муу. Энд тэндгүй төмөр гадас ёрдойж, энхэл донхол таарах учир гаднаас очсон хүмүүс болгоомжтой явахгүй бол хөл гараа гэмтээх нь энүүхэнд агаад ер нь л зах газарт яаж ч суусан яах вэ гэсэн шиг хэнэггүйхэн хүмүүс амьдардаг юм шиг санагдана.
“Энэ хугацаанд Дамирангийн эхнэрийн таргалсан, Цэрмаагийн турсан хоёр яг тэнцэнэ” гэж алдарт зохиолч Д.Нацагдоржийн “Цагаан сар ба хар нулимс” зохиолд гардагчлан шинэ төвийн ганган, хуучин төвийн навсгар хоёр тэнцэх ажээ. Ерөөсөө л шинэ төвтэй болоод хуучнаа мартаж хоцроо юу гэлтэй. Шинэ төв цэмцгэр сайхан ч хүүхдийн тоглоомын талбайн зөөлөн резин шал захаасаа хууларсныг ч буцааж хучиж янзлалгүй орхиж. Яваандаа хуучин төв шигээ навс буулгахыг хүлээгээгүй л байлтай.
Шинэ төвийн тохилог дэгжин өрөөнд тухлаж суугаа сумын удирдлага, дарга нарын цонхоор хуучин төвийн унхиагүй байдал яаж харагддаг юм бол. Дарга нар өөрсдөө ч хуучин төвдөө аж төрж, модон 00-доо орж, гэргий хүүхдүүд нь угаадсаа тэрүүхэн тэндээ цацчихаад л явж байдагт тэгтлээ дассан юм болов уу.
Тус сумын нутаг дэвсгэр болох Монгол Улсын цор ганц усан хил Буйр нуурыг тойроод ч байдал ялгаагүй. Ямар нэг шалтгаанаар үхсэн загас нуурын хөвөөнд үзэгдэж ялзарсан загасны эвгүй эхүүн үнэр ханхийж тэр сайхан орчныг гутаах ажээ. Уг нь өнгөрсөн зун загас олноороо үхэж хорогдсоны сэг зэмийг холбогдох газрууд цэвэрлэсэн ч үлдэгдэл нь байсаар л байна.
Аялал жуулчлал хөгжсөн энэ цагт газар газраас олон хүн Буйр нуур, Халхголыг зорих болсон. Зочид буудал, зоогийн газар гээд үйлчилгээний төвүүд ч тэнд байна. Нутаг орноо аятайхан тохижуулаад зочдоо хүлээн авдаг бол хязгаар нутгийн энэ суманд орлого нэмэгдэх нь тодорхой. Монголын түүхэнд орон зайтай, үзэж харах зүйл элбэгтэй, байгалийн үзэсгэлэн хосолсон энэ нутгийн дарга нар сэтгэл гаргаж сумынхаа байдлыг эргэж нэг үзэхэд гэмгүй санагдсаныг явуулын хүний нүдээр харахад ийм байна.
Сэтгэгдэл ( 5 )
Гол нь шинэ төв нь төрийн албан байгууллага, хуучин төв нь орон сууц, иргэд амьдардаг газар юм байна шүү дээ. Амьдардаг орчноо өөд татачихдаг бол ч
энэ мал дагасан малнуудаас юу хүсэх вэ. доор бичсэн новш хүртэл нохойн амьдралаа өмөөрч байна. хөөрхийдөө.
Гүй тэгээд яг яах гээд буй нь мэдэгдэхгүй ийм тулга тойрсон хэрүүлийн чанартай нийтлэлээ болиоч ээ. Яг яах гээд байгаан? Яахаараа бид Халх гол сумыг онцгойлон анхаарах ёстой юм? Тэр Оросууд нь тулааны полигоноо хөрөнгө оруулалт хийж додомдсон байна. Манайд хамаа ч байхгүй. Социалист үзэл суртлаа боль. Наад сум чинь ундуй сундуй биш харин ч үлгэр жишээ хөгжиж байгаан байшдээ. Шинэ төврүүгээ суурьшаад хуучин төв нь ашиглалтаас гарч байна. Юу нь буруу юм? 3000 хүнтэй суманд дахиад хэдэн төв хэрэгтэй юм? Хүн шинэ зүйлийг аваад хуучин юмаа хаядаг, гээдэг биз дээ? Нэг бол хотоос 3000 хүн аваачих юму
Засаг дарга гэж мануухай нь ямар ажилгүй, анхиагүй, сэтгэлгүй болохоор ийм байгаа юмдаа. Удирдлага ямар байна байгаа газар орон нь яг л ажилгүй, залхуу удирдлага шигээ байгаа нь энэ, бүр уур хүрчихлээ, арай чдээ 21-р зуунд ийм арчаагүй байх ч гэж дээ
XALX GOL SAIXAN NUTAGAA. SUMIIN SHINE SAIHAN BOLSON BNA LEE. BUIR GEJ SAIHAN NUUR BNA DARGA NAR ZUV ZOXION BAIGUULBAL AYLAL JUULCHLAL GOY XUGJIX NUTAG SHUU. DARGA NAR ZALXUU BNA