Жүжигчин Хью Жекмэн эхнэрээсээ салж буйгаа албан ёсоор ЗАРЛАЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 16

 

Холливудын алдарт жүжигчин, "X-Man" киноны од Хью Жекмэн эхнэр Деборра-Ли Фурнессээсээ салж байгаа тухайгаа албан ёсоор олон нийтэд мэдэгджээ. 

Хосууд 27 жилийг хамт өнгөрүүлсэн. Тэднийг цаашид ч аз жаргалтай, урт удаан амьдарна хэмээн таамаглаж байсан олон нийтэд энэхүү мэдээ гэнэтийн цочирдом мэдээ байсан. Гэсэн ч хосуудын ойрын эх сурвалжууд тэднийг салах нь цаг хугацааны асуудал байсан гэдгийг онцолжээ. 

Энэ жил 54 нас хүрч байгаа Жекмэн болон 67 настай Фурнесс нар хамтарсан мэдэгдэлдээ "Бид эхнэр, нөхрийн хувиар гайхалтай, хайраар дүүрэн гэр бүл бий болгож, бараг гучин жилийг хамтдаа өнгөрүүлсэндээ талархаж байна. Бидний цаашдын аялал өөр өөр замаар үргэлжлэх болсон бөгөөд хувь хүнийхээ хувьд илүү сайжрахын тулд тусдаа байхаар шийдсэн. Гэр бүл маань бидний хамгийн чухал зүйл байсаар ирсэн, байсаар ч байх болно. Бид амьдралынхаа энэхүү дараагийн бүлгийг талархал, хайр, эелдэг байдлаар эхлүүлж байна. Бид энэхүү шилжилтийг даван туулахын тулд хичээж байгаа тул бидний хувийн нууцыг хүндэтгэн хүлээн авч буй та бүхэндээ маш их талархаж байна. Энэ бол бидний хийж буй цорын ганц мэдэгдэл юм шүү" гэжээ. 

Хосууд 1995 онд "Correlli" хэмээх киноны зураг авалтын үеэр танилцжээ. Дараа жил нь хуримаа хийсэн тэд хүүхэдтэй болохын тулд олон жил тэмцсэн. Гэсэн ч харамсалтай нь хүүхэдтэй болж чадаагүй учраас хоёр хүүхэд өргөн авч Оскар, Ава хэмээх нэр хайрлажээ. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top