Let’s move for better HEALT – Идэвхитэй хөдөлгөөн ЭРҮҮЛ МЭНД
Монголын Элсний Анхдугаар Наадам – 2023... дараагийн Наадмын товыг асуусан оролцогчдын ХҮЛЭЭЛТТЭЙ өндөрлөлөө. Гадаа талбайд эрүүл агаарт хичээллэх боломжтой спортын төрлүүдийг дэмжих хүүхэд залуучууд, гэр бүлийг биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй байх сэдэл сонирхлыг нэмэгдүүлэх, спортын шинэ төрөл, шинэлэг спортын наадмыг өргөн олон нийтэд сурталчлан танилцуулах, Олимпын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх, Элсний спортын анхны аварга баг, тамирчдыг шалгаруулах, алдаршуулах зорилготой Монгол Улсын Элсний анхдугаар наадмыг МҮОХ, Спорт ба Идэвхтэй нийгэм комисс, Дундговь аймгийн ЗДТГ хамтран есдүгээр сарын 16,17 өдрүүдэд Мандалговь хотын цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгууллаа.
Наадамд 4 аймаг, 3 их дээд сургууль, 2 спортын хороо, 7 спортын клуб нийт 16 байгууллагын 120 гаруй тамирчид, Тэкбол, Бадминтон, Волейбол, Бөхийн төрлөөр ур чадвараа сорин өрсөлдөж, 26 шүүгч техникийн ажилчид, 10 гаруй орон нутгийн сайн дурын ажилчид ажиллаа. Нээлт болон хаалтын ёслолын ажиллагаанд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, МҮОХ-ны ГЗ гишүүн, Наадам хариуцсан захирал Ч.Амарсанаа, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Н.Эрдэнэ-Очир, БТСГ-ын дарга А.Отгонбаатар байлцав.
Анхдугаар наадмын ТУГ-ийг МУГТ, Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, 2010 Азийн Наадмын аварга, Алдар спорт хорооны дасгалжуулагч Г.Мандахнаран залж намируулсан бол 2018 оны Пенчёны Олимпын наадмаас хэрэгжүүлж буй НЭГДСЭН тангарагийг Б.Хулан (2022 ДАШТ-ны мөнгөн медальт чөлөөт бөх), Э.Жанцан-Эрдэнэ (Тэкбол дасгалжуулагч, Хэнтий), Т.Мягмарсүрэн (шүүгч, албаны төлөөлөл волейбол) нар өргөлөө.Монголын спорт, Олимпизмын түүхэнд нэн шинэ хуудас нээсэн Элсний анхдугаар наадамд 120 гаруй тамирчид спортын үнэн үзэл санаагаар хурд хүч, ур чадвараа шавхан өрсөлдсөнөөс тамирчны ёс зүй, хүндлэлээр үлгэр жишээ байсан Дархан уул аймгийн волейболын тамирчид, дасгалжуулагч, энэ наадмын аварга Ө.Баярсайхан “ШУДАРГА ТОГЛОГЧ-FAIR PLAY” шагналын эзэн боллоо.
16 байгууллагаас нэгдсэн дүнгээр Тэргүүн байрт М.Бат-Очир ахлагчтай ШУТИС-ийн баг, Дэд байрт Ө.Баярсайхан ахлагчтай ҮБТДС-ийн баг, Гутгаар байрт Ч.Амарсанаа ахлагчтай МУБИС-ийн БТС-ийн баг тус тус шалгарав.
Сэтгэгдэл ( 0 )