Жүжигчин Б.Амарсайхан “Карьерын оргил амжилт” шагнал хүртлээ

2023 оны 09 сарын 28

АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа CHICAGO’S ASIAN POP UP CINEMA фестиваль найруулагч, жүжигчин Б.Амарсайханд “PINNACLE CAREER ACHIEVEMENT AWARD” буюу “Карьерын Оргил Амжилт” шагналыг олгожээ.

Фестивалийн үүсгэн байгуулагч София Фон Бочиа энэхүү шагналыг гардуулахдаа “Кино урлагт 24 жил ажиллахдаа Монгол улсаас анх удаа Netflix-н Марко Поло цувралд дүрээ гаргаж, Монгол төдийгүй Азийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн энэхүү шагналыг олгох болсондоо баяртай байна. Түүний найруулагчийн анхны бүтээл “Эргэж ирэхгүй намар” киноноос Монгол сүнс мэдрэгдсэн, гайхалтай кино болж чадсанд нь баяр хүргэе!” хэмээн дурдсан байна.

Chicago’s Asian Pop Up Cinema фестивалийн захирал хадагтай София Вон Бочиа найруулагч, жүжигчин Б.Амарсайхан

Asian Pop Up Cinema кино наадам нь Азийн шилдэг кино, тэр дундаа тухайн орны өв соёл, хүн зоныг дүрслэн үзүүлсэн кинонуудаар дамжуулан Азийн соёлыг Америкийн үзэгчдэд хүргэх зорилготой. Энэ жил Азийн 28 орны кино оролцож байгаагаас, найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” киног CENTERPIECE буюу ОНЦЛОХ КИНОГООР шалгаруулсан байна.

Шагнуулах гардуулах ёслолд Чикаго хотын үзэгчидээс гадна Чикаго хотын Монголчууд, Монгол улсаас Чикаго хотод суугаа Консулын газрын төлөөлөл оролцжээ.

“ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” кино нь Vancouver International Film Festival-н Vanguard уралдаант хэсэгт шалгарч Дэлхийн нээлтээ хийснээс хойш 95 дахь удаагийн Оскарт эх орноо төлөөлөн оролцож мөн Энэтхэг, Иран, Итали, Канад, Швейцар, Солонгос, Польш, Испани, Америк, Нидерланд, Хятад, Хонгконгийн нийт 12 кино фестивалиудад шалгарч, Тайвань болон Итали улсуудын кинотеатруудаар гаран, Монгол орныг дэлхийн үзэгчдэд таниулж байгаа уран бүтээл юм.

Фестиваль захирал София Вон Бочиа

Фестивалийн онцлох киногоор шалгарсан “ЭРГЭЖ ИРЭХГҮЙ НАМАР” киноны дараа найруулагч Б.Амарсайхан, продюсер С.Уран нар үзэгчидийн асуултад хариулав.

Чикаго хотын “Гийнгоо” морин хуурын чуулгын хүүхдүүд Монгол уран бүтээлч шагнал авч буйд хүндэтгэл үзүүлэн, найруулагч Б.Амарсайханд сюрприз барив.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top