Эрдэс бүтээгдэхүүний экспорт энэ оны наймдугаар сарын байдлаар 9,176.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1,889.8 сая ам.доллар буюу 25.9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байгаа. Нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, баяжмал, цайрын баяжмал, хайлуур жоншны хүдэр, баяжмал, молибдены баяжмал, газрын тос, алт, мөнгө, катодын зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь нийт экспортын 91.7 хувийг эзэлж байгаа юм. Эрдэс бүтээгдэхүүний экспорт төсөвт тусгасантай харьцуулахад гүйцэтгэл нь ямар байгаа нь дараах хүснэгтээс харж болно.
Зэсийн экспортын гүйцэтгэл 70.3 хувь, нүүрсний экспорт 85.3 хувь гээд биет хэмжээ нь өсөлттэй байгаа ч гол түүхий эдүүдийн дундаж үнэ 2022 онтой харьцуулахад урууджээ. Ер нь бол экспортын гол түнш БНХАУ-ын эдийн засаг, тэрдундаа манай түүхий эдийг шингээдэг дэд бүтэц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тогтворгүй байдал ноёлж буй нь ирэх онд эрдэс бүтээгдэхүүний үнийн өсөлтөд дарамт болох эрсдэлтэй байгааг бид анхаарах ёстой юм.
Эрдэс бүтээгдэхүүний экспортын үзүүлэлтийг тухайлан хүргэе.
Нүүрсний экспорт: Энэ оны эхний найман сарын байдлаар 5,823.4 сая ам.долларын 42,640.5 мянган тонн нүүрс экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 1,957.3 сая ам.доллар буюу 50.6 хувиар, биет хэмжээгээр 27,770.0 мянган тонн буюу 2.9 дахин тус тус өссөн байна. Чулуун нүүрсний 99.2 хувийг БНХАУ, 0.5 хувийг Сингапур, 0.3 хувийг БНСУ руу тус тус экспортолжээ.
Зэсийн баяжмалын экспорт: Оны эхний найман сарын байдлаар 1,775.0 сая ам.долларын 1,022.3 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 218.4 сая ам.доллар буюу 11.0 хувиар буурсан ч, биет хэмжээгээр 45.5 мянган тонн буюу 4.7 хувиар өссөн байна. Зэсийн баяжмалыг 99.9 хувийг БНХАУ, 0.1 хувийг Сингапур улс руу тус тус экспортолсон байна.
Төмрийн хүдэр, баяжмалын экспорт: Оны эхний найман сарын байдлаар 286.4 сая ам.долларын 3,659.5 мянган тонн төмрийн хүдэр, баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 30.5 сая ам.доллар буюу 11.9 хувиар, биет хэмжээгээр 999.9 мянган тонн буюу 37.6 хувиар тус тус өссөн байна. Төмрийн хүдэр, баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолжээ.
Хайлуур жоншны хүдэр, баяжмалын экспорт: Оны эхний найман сарын байдлаар 155.7 сая ам.долларын 624.1 мянган тонн хайлуур жоншны хүдэр, баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 419.7 мянган тонн буюу 3.1 дахин, үнийн дүнгээр 96.9 сая ам.доллар буюу 2.6 дахин тус тус өссөн байна. Хайлуур жоншны хүдэр, баяжмалын 80.6 хувийг БНХАУ, 19.2 хувийг ОХУ руу тус тус экспортолжээ.
Цайрын баяжмалын экспорт: Оны эхний наймдугаар сарын байдлаар 182.9 сая ам.долларын 119.3 мянган тонн цайрын баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс биет хэмжээгээр 21.9 мянган тонн буюу 22.5 хувиар өссөн ч, үнийн дүнгээр 19.4 сая ам.доллар буюу 9.6 хувиар буурсан байна. Цайрын баяжмалыг 100 хувь БНХАУ руу экспортолсон байна.
Молибдены баяжмалын экспорт: Оны эхний найман сарын байдлаар 83.1 сая ам.долларын 4,051.2 тонн молибдены баяжмал экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 29.1 сая ам.доллар буюу 53.8 хувиар, биет хэмжээгээр 168.5 тонн буюу 4.3 хувиар тус тус өссөн байна. Молибдены баяжмалын 73.0 хувийг БНХАУ, 21.2 хувийг БНСУ руу тус тус экспортолсон байна.
Алтны экспорт: Оны эхний найман сарын байдлаар 425.5 сая ам.долларын 6,797.8 килограмм алт экспортолсон байна. Өнгөрсөн оны мөн үеэс үнийн дүнгээр 165.8 сая ам.доллар буюу 28.0 хувиар, биет хэмжээгээр 3,152.3 килограмм буюу 31.7 хувиар тус тус буурсан байна. Алтны 82.0 хувийг Швейцар, 18.0 хувийг БНСУ руу тус тус экспортолжээ.
Сэтгэгдэл ( 0 )