Монголын ахмадуудад нэг муухай зан бий. Энэ бол “Би яах вэ, үхээд өгнө, ард үлдэх үр хүүхэд, ач зээ минь ийм нийгэмд үлдээд яана аа” гэх бэртэгчин араншин. Үглэж яншихаас өөр үр ачийнхаа ирээдүйд бид юу хийж чадах юм бэ гэж үү. Наад зах нь УИХ-ын сонгууль удахгүй болно. “Эд маань яана аа” гэж хий дэмий үглэж суухаар ядахдаа сонгуульд оролцохдоо ач зээгийнхээ алс ирээдүйг бодож зөв сонголт хий. Атга гурил, чимх будаа, таваг хоолны үнээр хойч үеийнхээ ирээдүйг бүү балла. Цагаан сараар улстөрчдөөс уут чихэр бэлгэнд авсныхаа хариуд насанд хүрсэн хүүхдүүдийнхээ сонголтод нөлөөлж, тэрийг энийг сонго гэж битгий зааж зааварла. Оронд нь сонгуульд идэвхтэй оролцож, эрүүл нийгэмд ажил, амьдралтай байхынхаа төлөө сонголтоо зөв хийхийг залуустаа ойлгуул. Тэгвэл “Эд маань яана аа” гэх хоосон үг хэрэггүй болно.
Яг үнэндээ дөрвөн жил тутамд хөгшдийн хөөр баяр болж очиж хийсэн харалган сонголтын балгийг үр хүүхэд, залуу үе үүрч, нийгэм завхарч байгаа юм. “Эх орон эмтэрч дууслаа, улс орныг минь тонолоо, нийгмийн ёс зүй авах юм алга, авлига, хээл хахуульд живж гүйцлээ, харийнхан хамаг баялаг шавхлаа, эгэл ардын хүүхдэд ажил, сургууль олдохоо байлаа, энэ хэдэн гишүүний байгаа царай нэг л биш” хэмээн гасалцгаадгийн цаад үндсийг мань бэртэгчин зантууд буруу сонголтоороо тарьж суудаг нь худлаа биш. Тийм гай тарьчихаад биеэ хоохойлж, үхээд өгөхөө өмнөө тавиад хий үглээд суудаг. Өөрсдөө сонгуульд оролцох нь мэдээж, хамгийн гол нь гэртээ суугаад ч юм уу, найз нөхөдтэйгээ уулзаад, гадуур зугаалаад санал хураалт тийш зүглэхгүй байгаа насанд хүрсэн үр хүүхэд, ач зээ нартаа сонгууль гэдгийн учрыг тайлбарлаж, цаашдын ирээдүй нь түүнээс шалтгаалдаг гэдгийг ухааруулж, бие даан саналаа өгөх эрхийг нь тэдэнд үлдээж сонгуулийн байр руу явуул.
Ийм муухай бэртэгчин зантай учраас л зарим залуус “Хөгшид үхээд өгвөл улс хөгжинө” гэж хэлдэг байх. Тэгвэл хойч үедээ хэрэгтэйгээ мэдрүүлж, хэт ирээдүйд нь хэрэг болох арга зам зааж зөвлө л дөө. Гэхдээ зөвлөж буй нь энэ гээд өмнөхөө магтаж, өөрийгөө дөвийлгөж, хийж явснаа сайрхаж, өнөөдрийн залуусыг чамлаж суу гэсэн үг огт биш. Дүн нурууг нь харж, хазайвал түшиж, аргаа олохгүй суугаад нь гарц гаргалгаа хэл л гэсэн үг. Заахаа зааж болох ч занга бүү тавь. Өндөг шиг өөгүй явсан мэт өөрийгөө дөвийлгөж, залуусаа гоочлох ч хэрэггүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 7 )
Нэг бол ”ахмадуудын сонголт” гэх. Нэг бол ”хар машины үр дүн” гэх. Саяхан л сонгодтонд хар машин нөлөөллөө гээд байгаагүй бил үү.
UUCHLAARAI. Tand ch gesen ahmad hun baigaa baih.Ta ch uuruu ahmad bolno shuu dee.
Оюунцэцэг гуа та хэн болоод хүн загнаж тушаагаад байна. Чамайг сонсдог нохой ч монголд байхгүй. Монгол бол ардчилсан улс учир чамаар заалгахгүй.
нам хэрэггүй дээ хүнээ харж л өгцгөөё
Энэ бол хатуу үнэн ахмадуудын сонгууль болдог бас залуус нь надад хамаагүй гадагшаа гарна гэсэн бодолтой бдаг
хэн ч сонголт хийсэн бай, луйвраар хор найруулж гарч ирдэг нам ш тээ
хуц