Тендерийн хуульд хамааруулахгүй худалдан авалт хийсэн ҮНДЭСЛЭЛ НЬ ЭРГЭЛЗЭЭТЭЙ байна

2023 оны 10 сарын 02

Иргэдийн татварын мөнгийг үр ашигтай зарцуулдаг болгохын тулд Тендерийн тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй талаар тал талд ярьж ярьсны эцэст энэ оны зургаадугаар сард өөрчлөлт оруулсан билээ.

Улмаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдсаны дараа ахиц дэвшил дагуулах өөрчлөлт хийгдлээ гэж албаныхан мэдэгдэж байв.

Тухайлбал, Худалдан авах ажиллагааны нээлттэй, ил тод, байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ.  Худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах, гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэлх үе шатыг цахим системээр зохион байгуулна.

Худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгасан гэхчлэн тодотгосон.

Гэтэл одоо нийгэмд дуулиан дагуулаад  буй автобуснуудын асуудлаас үзэхэд, татвар төлөгчдийн мөнгө эрх мэдэлд ойр хүмүүсийн хэтэвч хооронд урсдаг хэвээрээ бөгөөд Тендерийн хуулийн өөрчлөлтийн үр дүн үзэгдэхгүй байна. 

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван мэдээлэл өгөхдөө, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсны дагуу автобус худалдан авах  ажиллагааг Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас зохион байгуулсан. Их багтаамжийн автобус, дунд багтаамжийн автобус, их багтаамжийн цахилгаан автобус худалдан авах ажлыг улсын төсвийн 318 тэрбум төгрөгийн хөрөнгөөр зохион байгууллаа.

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасны дагуу худалдан авах үйл ажиллагааг хийсэн. 

Долоон чадамж бүхий этгээдээс санал авсан, энэ дундаас иж бүрэн буюу хамгийн бага үнийн санал ирүүлсэн этгээдийг шалгаруулсан.

Гүйцэтгэгчээр “Тэнүүн-Огоо” компани шалгарсан, тус компани нь их багтаамжийн автобусыг нэг бүрийн үнийг 336 сая төгрөгөөр, дунд багтаамжийн автобусыг 218 сая төгрөгөөр, их багтаамжийн цахилгаан автобусыг 625 сая төгрөгөөр нийлүүлэх тус тус санал ирүүлсэн. Мөн цахилгаан автобусыг 10-аар илүү нийлүүлэх боломжтой, цахилгаан автобус цэнэглэх 41 төхөөрөмж илүү нийлүүлнэ гэсэн учир бусдаас давуу буюу богино хугацаанд үр ашигтай санал ирүүлсэн тул Ажлын хэсгээс тухайн компанийг шалгаруулсан. Гүйцэтгэл одоогоор зөрчигдсөн зүйл байхгүй" гэсэн юм. 

Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 3.4-т заасныг тодотгоход: 

3.4.Хуулиар төрийн нууцад хамааруулсан болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, техник, байгууламж, ажил, үйлчилгээ болон галт зэвсэг худалдан авахтай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй гэжээ. 

Тэгэхээр төрийн худалдан авалтыг авлигаас ангид байлгахад чиглэсэн гэх шинэчлэгдсэн Тендерийн хуулиас гадуур автобусны худалдан авалтыг хийжээ. 

Хуулийн заалтыг аваад үзэхэд, автобусыг үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой тусгай зориулалтын тоног төхөөрөмж гэж авч үзэх үү гэдэг асуулт гарна. Яг мөн гээд цагаан дээр хараар биччихсэн зүйл алга байна. 

Мөн автобус худалдан авалтыг Тендерийн хуульд хамааруулахгүйгээр хийсэн нь төрийн нууцад хамааруулсан гэдэг үндэслэлтэй холбоотой юу гэхээр, НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Ж.Бямбадуламын өгч буй мэдээллээр бол ТИЙМ БИШ.

Тэрбээр,  Уг худалдан авах үйл ажиллагаа нь Үндэсний аюулгүй байдалтай холбоотой юм байна гээд Тагнуулын ерөнхий газраас НЗДТГ-т зөвлөмж ирүүлсэн. Энэ дагуу Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, Үндэсний аюулгүй байдалд хамааруулж худалдан авах ажиллагааг явуулсан. Дахин хэлэхэд, нууцад хамааруулсан зүйл байхгүй гэсэн юм. 

Тэгэхээр автобус худалдан авалтыг Тендерийн хуульд хамааруулаагүй нь нөгөө л улс төрийн угшилтай, авлига ашиг сонирхлын асуудал ард нь байв уу гэж үзэхэд нөлөөлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(45.117.35.18) 2023 оны 10 сарын 03

Дарханы дарга шиг л хотынхоо хамаг газрыг өөрөө хусчихгүй хүн л тавиарай

0  |  0
Top