Шадар сайд С.Амарсайхан “Гималайн форум” олон улсын чуулга уулзалтад оролцож байна

2023 оны 10 сарын 06

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Гималайн форум” олон улсын чуулга уулзалтад оролцож байна.

БНХАУ-ын ТӨЗО-ны Линжи хотод зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтад Монгол, ИБНПУ, Балба, Чили, Афганистан, Мьянмар, Итали, Шри Ланк, Бутан, Кени зэрэг Гималайн уулс орчмын 10 гаруй улсын төлөөлөл оролцож, бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, тэр дундаа уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёлын салбарыг хамтран хөгжүүлэх тал дээр санал бодлоо хуваалцлаа.

Нэгдсэн чуулганы ажиллагаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И  үг хэлснээр эхэлсэн юм.

Форумд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хэлсэн үгэндээ “Монгол Улсын Засгийн газар ирэх 10 жилд эдийн засгаа төрөлжүүлж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлал, хөдөө аж ахуй, сэргээгдэх эрчим хүчний салбарыг онцлон эдгээр салбарт хөрөнгө оруулалтыг татах, хүний нөөцийг хөгжүүлэхэд анхаарч байна.Бид бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдыг татах, тэдний хууль ёсны эрх ашгийг хамгаалах, цогц үйлчилгээ үзүүлэх, шаардлагатай мэдээ мэдээллээр хангах, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгох үндсэн чиг үүрэг бүхий Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийг байгуулан ажиллаж байна.

Өнө эртний уламжлалт харилцаатай Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай хоёр оронд төдийгүй, бүс нутгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой юм. Цаашид бид мөнхийн хөрш БНХАУ-тай эрх тэгш, харилцан ашигтай хамтран ажиллаж, хамтдаа хожих зарчмын дагуу тус тусын давуу тал, нөөц бололцоонд түшиглэн хоёр орны удирдагчдын байгуулсан олон чухал тохиролцоог бодит ажил хэрэг болгохын тулд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, БНХАУ-ын дэвшүүлсэн “Бүс ба Зам” болон “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”-ын уялдааг хангаж, хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааг бүх талаар ахиулж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж байна” хэмээгээд хуурай уур амьсгалтай, өндөр уулын эмзэг экосистемийг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийн эрчмийг сааруулах, дасан зохицох ногоон хөгжилд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллахыг уриалсан юм.

Хятад-Төвдийн "Гималайн форум" олон улсын хамтын ажиллагаа нь 3 дахь удаагаа зохион байгуулагдаж бөгөөд энэ удаад "Хүн байгалийн зохицол, гемалайн уулс орчмын бүс нутгийнхны хамтын ажиллагааны ур дүнг хуваалцах нь" уриан дор зохион байгуулагдаж, хүндэтгэлийн хүлээн авалт, урлагийн тоглолт, нээлтийн ёслолоор эхэлж, үндсэн болон дэд чуулга уулзалтаар үргэлжилж байна.

Тус форум нь Төвөдийн өөртөө засах орны эдийн засаг, нийгмийн хөгжил, экологи, соёл иргэншлийн бүтээн байгуулалтын салбарт гаргасан ахиц дэвшил нь хүрэлцэн ирсэн зочдод тус улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлж,  гадаад ертөнцөд нээлттэй байх түвшинг дээшлүүлж, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.191.220) 2023 оны 10 сарын 06

Энэ мэт дүр үзүүлсэн луйварчид иргэдийн мөнгөөр ямар ч үр дүнгүй зугаалах нь шудрага уу

0  |  0
Top