Намрын дунд сарын билигт сайн өдрөөр улс төр халуухан эхэлсэн. Сонгууль ч дөхөж байна. Энэ эрчээ алдахгүй өвөл хаврыг өртөөлөн зуныг үзэх бололтой. Юуны өмнө хуучин ногоон автобусаар нийслэлчүүдийг хулхидах гэсэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар өөрийн хүсэлтээр ажлаасаа түдгэлзсэнээ мэдэгдэж, холбогдох албан тушаалтнууд нь баривчлагдав. Үүний шилийг даран Хотын дарга Д.Сумъяабазар ажлаа өгсөн. Аливаа гэмт хэргийн шинжтэй асуудал дэгдээчихээд хариуцлагын хүрээнд тамгаа өгөөд гэм зэмгүй салдаг жишиг нэгэнт тогтсон. Үүнийхээ дагуу л хоёр эрхэм ажлаа өгөөд явчихлаа.
Шударга ёсыг хэрэгжүүлж байгаа Гүйцэтгэх засаглал үүнийг зүгээр орхихгүй байх гэж найдна. Төсөв захиран зарцуулах эрх нь сайд Ж.Сүхбаатарт, тендер зарлахаас эхлээд бусад хүчин зүйлийг хангах эрх нь Д.Сумъяабазарт байсан гэхээр эрхэм хоёр ногоон автобусны асуудлыг мэдэхгүй гэж булзах ямар ч аргагүй. Эрх эдэлж, тамга атгасан нөхөд булзаж, гүйцэтгэгчид яллуулдаг байж болохгүй. Үүнийг шударга ёс хэрэгжүүлж байгаа Засгийн газар сайн мэднэ. Харин Ж.Сүхбаатарын орыг залгаж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Д.Сумъяабазарын орыг залгаж, Х.Нямбаатар нар томилогдсон бол Х.Нямбаатарын орыг залгаж Б.Энхбаяр томилогдсон. Энэ үйл явц нь маш сонирхолтой улс төр явж байгааг харуулав.
БАЯНБОГДОО АЛДСАН ХҮНД БОГДЫН СУУДАЛ Ч ХЭРЭГГҮЙ
Хотын дарга асан Д.Сумъяабазар асуудал үүсэхийг хүлээж байсан ч байж магадгүй. Түүнд хотоос явах том шалтгаан байсан. Тиймээс Ногоон автобусны асуудал дэгдэхээр Хотын дарга маань өвлийн их ажлыг тосгуулж хавираад явчихсан. Боломжгүй үед өөр мэх хийхгүйгээ тэр мэднэ. Одоо түүнд даваа бүхний оноолт чанга, ам хатуухан байх болно. Энэ ч дүүрсэн хэрэг. Юуны өмнө Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд хайрханы орд газрыг түшиглэж, “Эрдэнэс Баянбогд” Төрийн өмчит компанийг нийслэлийн эзэмшилд байгуулсан. Тодотговол, нийслэлийн эзэмшлийн "Эрдэнэс Баянбогд" нүүрсний ордыг ашиглах, эсвэл барьцаа хэлбэрээр “LRT” төслийг санхүүжүүлэхээр болсон. Ингэхдээ "Эрдэнэс Баянбогд" компанийн нийт хувьцааны 34 хувийг төрийн өмчит "Эрдэнэс Монгол" компани, 66 хувийг "Улаанбаатар хотын хөгжлийн корпораци" компанид эзэмшүүлэхээр тогтсон байсан. Гэвч өнгөрөгч есдүгээр сард Дорноговь аймагт ажилласан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянбогд хайрхныг улсын тусгай хэрэгцээнд авахаа мэдэгдсэн. Уг нь Д.Сумъяабазарын хотыг зорьж ирсэн зүйл нь “LRT” төсөл байсан, үүнийг санхүүжүүлэх нэрээр Баянбогд хайрхныг хотын эзэмшлийн дагуу “амлах”-аар зэхчихсэн байсан. Амлачихсан ч байсан. Гэтэл цолны эрэмбээр Ерөнхий сайд урьдуур нь дайраад “амлачихсан” тул тахимаа буулгасан хэрэг. Нэгэнт энэхүү ажиллагаа бүтээгүй учраас Д.Сумъяабазарыг ямар ч ирээдүйгүй болгосон. Айсуй сонгуульд түүний лоозон мэт барьж орох зүйл бол “LRT” төсөл байсан. Энэ утгаараа Д.Сумъяабазарын улс төр хаашаа эргэхийг мэдэхэд бэрх. Сайдын суудлаас бууж, УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзэж Хотын даргаар ирсэн нөхөрт одоо нийслэлийн Намын хорооны дарга гэх ганцхан хамгаалалт үлдсэн. Хэрвээ үүнийгээ алдвал хэн ч биш болно. Бодоход Хотын даргын суудлаа өгөөд Намын хороог нь минь надад үлдээ гэж гэж сөгдсөн байж болно. Ингэж байж тэр айсуй сонгуулиар Намын нэрсийн жагсаалтад амь дүйн үлдэнэ. Эс тэгвэл тэр хэн ч биш. Нэр дэвшээд ч ялалт байхгүй.
Х.НЯМБААТАР ХОТЫН МАФИЙГ “ДЭЛБЭЛЖ” БОЛОХ ЮМ
Мөн нэг сонирхолтой зүйл гэвэл УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайдын карьераас хот хэмээх намаг балчигт ирж байгаа Х.Нямбаатар ихээхэн сонирхол татна. Ерөнхий сайдын Зөвлөх Б.Ариунзаяагаас эхлээд “МАН шилдэг хүмүүсээ фронтын шугам руу явуулж байна” гэх мэтээр байр сууриа илэрхийлж байна. Түүний хэлж байгаагаар бол нийслэл хэмээх галын шугамд дайны гамшиг нүүрлэсэн бололтой. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн пиарын гол фронтыг командалж байгаа “Нохойд барьдаг мод”-оо явуулчихаад юу бодож суугааг мэдэх юм алга. Олны таамаглаж байгаагаар бол Засгийн газарт олон ажиллагаа явуулсан туршлагатай хүн Хотын мафийг “дэлбэлнэ” гэж үзэж байна. Хэрвээ үүнийг зорьж очсон бол тэр чадна. Нэгэнт буцах замгүй болсон хүн өөр юу хийхэв. Байшин барилга бариад, зам харгуй өргөсгөөд байх хугацаа ч алга. Гагцхүү хотын систем, төлөвлөлтөд байгаа мафийн гар хөлийг тасдаж, түүнийг үр үндсээр нь цэвэрлэж чадвал Х.Нямбаатар энэ хотын “сахиус” болно. УИХ-ын чуулганы хуралдаанд Ерөнхий сайдын хэлж байгаагаар бол энэ тэмцлээсээ ухрахгүй гэж байна. Тэгэхээр түүний үг хүсэл, нохойд барьдаг мод мэт явсан Х.Нямбаатар Хотын мафийг дэлбэлэх магадлалтай. “Их ч өмхий бага ч өмхий” гэдэг дээ. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болж, Х.Нямбаатар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон цагаас хойш өөртөө маш олон дайсан бэлдсэн. Одоо дүүрсэн хэрэг гээд нүдээ аниж чадвал тэд “Үндэсний баатар” болно. Гагцхүү энэ асуудал нь өөрөө нийгмийн захиалга болчихоод байгаа учраас амжилт хүсэхээс өөр аргагүй.
Б.ЭНХБАЯР ЕРӨНХИЙ САЙДЫН ИЛД НЬ БАЙЖ ЧАДАХ УУ
Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилогдсон Б.Энхбаяр Х.Нямбаатар шиг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үг хүсэл нь байж чадах уу гэдэг асуудал бий. Өөрөө бол “Ерөнхий сайдын хулгайч нартай тэмцэж байгаа тэмцлийн илд нь байх болно” гэсэн байна лээ. Магадгүй юм. Боловсон поп хүн тал алдахгүй ажиллах болов уу. Улс төр талаасаа түүнд алдах юм байхгүй. Харин ч хожсон. Поп хүн тал алдахгүй сонгуулийн босго давуулчихаа мэднэ. Гэхдээ түүнийг зөвхөн поп талаас нь хараад байж болохгүй. Б.Энхбаярт олон сайн зүйл бий. Хамгийн наад захын жишээ гэвэл Хөгжлийн банкны сонсголыг тэргүүлэн ажиллаж байгаагаас харахад тэр Ерөнхий сайдын илд нь байж чадна. Нөгөө талаар Шүүхийн шинэтгэлийн хууль гэх мэт олон хуульд өндөр оролцоотой ажилласан. Тиймээс дараа дараагийнхаа хууль руу тууштай орно гэж харж байгаа. Тэр тусмаа “хуулийн хулгай”-тай тэмцэх тухай эртнээс ярьсан хүнд том боломж гарч байна. Нөгөө талаар түүнд эрэн сурвалжах, мөрдөх талын нэлээд сэжүүр байдаг байх. Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд 80 гаруй газар авчихсан хүн байгаа тухай дурдаж л байсан. Тэр ч бүү хэл С.Зоригийн хэргийн талаар зах сэжүүр дурдаж л байдаг гээд олон зүйл түүний ой санамжид бий. Байхаас ч аргагүй, долоо буудуулсан чоно Ц.Нямдоржийн Дэд сайд байсан хүн шүү дээ. Энэ мэт олон талаас нь харахад тэр Ерөнхий сайдынхаа илд нь байж чадна. Нөгөө өнцгөөс нь харахад тэр өөртөө дайсан бэлдэхгүй байх магадлал байгаа учраас аливаа том асуудлыг дундуур нь шийдчих гээд байж магадгүй. Өөрөөр хэлбэл “эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй” гэх хандлага түүнээс гарч болно. Энэ нь популист улстөрчдөд ихээхэн байдаг талтай. Ингэх юм бол Л.Оюун-Эрдэнийнхээ үг хүсэл байж чадахгүй.
Ж.СҮХБААТАРЫГ ЯМАР ИРЭЭДҮЙ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ
Шантааж хийж байж сайдын суудлын орон тоо гаргуулан зүтгэж ирсэн Ж.Сүхбаатарын ирээдүй ихээхэн бүрхэг болж байна. Тэр сайд болсон цагаас хойш муу нэрээ улам л муутгаад авав. Сайдын суудал дээрээс карьераа ч өсгөж чадсангүй, сонгуулийнхаа мөнгийг ч босгож чадалгүй буцаж байгаа өрөвдөлтэй улстөрч. Гэхдээ ногоон автобусны хувь оролцоонд сонгуулийнх нь мөнгө ч байсан юм билүү хэн мэдлээ гэх хардлага бий. Одоо түүнд ирээдүй байхгүй. Үүгээр ч зогсохгүй ногоон автобусандаа хальтирч унаж ч магадгүй. Анхнаасаа нам хэсэж, урваж шарваж явсан хүний улс төрийн зүг мөр ч бүүдгэрдүү болчихдог учраас тэр хүчирхэг бүлэгт ажиллаад ч өөд нар харсангүй. Одоо гомдоод буцах ч замгүй болсон байх. МАН-ын бүлгийн хувьд ч гэсэн Засгийн газрын үйл ажиллагаанд халддаг, рейтингэд нөлөөлдөг нэг шантаажчин нөхрөөсөө салахад дуртай л байгаа. Тэгээд ч тэр ногоон автобусны асуудлаас үүдэн амаа үдүүлчихсэн учраас МАН, Засгийн газрыг магтаад байхаас өөр аргагүй болсон. Одоо МАН, Засгийн газрын өөдөөс цор цор гэх юм бол ногоон автобусны зураг харуулахад далд орохоор болсон. Шантааж хийж очсон сайдын суудал нь нэгэн насаар нь амыг үднэ гэж тухайн үед яахин мэдэх билээ.
Б.ДЭЛГЭРСАЙХАН СУЛ ГИШҮҮН БАЙХААС УЙДАВ УУ
Энэ парламент, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд МАН-ын бүлгээс сайд болоогүй хүн цөөн үлдэж. Улаанбаатар хотын түгжрэлийг буруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайд хэмээх шантаажлагчид зориулан гаргаж ирсэн нэг тамга байх. Үүний анхны эзэн ногоон автобуснаас болоод явчихлаа. Харин түүний оронд очих зоригтой аавын хүү тийм ч олон байгаагүй. Гэтэл УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханыг томилчихлоо. Миний ойлгож байгаагаар тэр өөрөө “Би сайд болно” гээгүй байх. Тэр тусмаа “Түгжрэлийн” сайд болохыг хүсээгүй л болов уу. Ж.Сүхбаатарын орыг залгах дуртай хүн гараагүй учраас “Та нэг сонгууль хүртэл аргална уу даа” хэмээн МАН-ын Удирдах зөвлөлөөс тулгасан л болов уу. Түүнээс бус үүн шиг хэрэггүй зүйл байхгүй гэдгийг тэр мэдэж байгаа. Магадгүй Б.Дэлгэрсайхан сул гишүүн байхаас уйдсан байж болох юм. Түүнээс бус тэр сайд болъё гэвэл дуртай салбараа л авах хэмжээний хөрөнгө мөнгө, зангарагтай хүн. Ямартай ч “Би ялархахгүй, ялаа үүрнэ” гээд зогсож байна лээ. Тэгэхээр айсуй сонгууль хүртэл тэр ажиллаж таарна. Шийдэмгий бөгөөд хөрөнгө мөнгөтэй хүн томоохон өөрчлөлт оруулж болох л юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Сүхбаатар Сумьяабазар хоёрыг АТГ шалгах хэрэгтэй. Хариуцлага тооцох ёстой шүү.
\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
\nТа бөөрөө яаралтай зармаар байна уу? имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Бүгдээрээ сэтгэциин асуудалтай нөхдүүд шүү. ИХ ын гишүүдиин 4нии нэг нь сэтгэциин асуудалтай юм гнэ лээ..