“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэв

2023 оны 10 сарын 10

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлын дагуу 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.

“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Түгээмэл түмэн хишиг” ХХК, “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдуулан 2 удаагийн зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн төлбөрт 18,517,342,863 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,567,768,646.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 273,280,11.68 төгрөг, нийт 24,358,391,622.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд 1,574,472,371 төгрөг нэмж гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж нийт 25,932,863,933 төгрөг шаардсан байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2022 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК болон “Түгээмэл түмэн хишиг” ХХК нарын хооронд байгуулсан зээлийн гэрээнүүдийг цуцлах үндэслэлтэйг тогтоож, тус компаниас нийт 25,932,863,993 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор, хамтран хариуцагч “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарт холбогдох зээл төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Мөн  “Түгээмэл түмэн хишиг” ХХК нь төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд тус компанийн болон “Алтан хүнс групп” ХХК, А.Сүхбат нарын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасан байна.  

Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр  хэргийг хянан хэлэлцээд “...зээлдэгчид учирсан хохирлыг тооцон үзэж, тохирсон хөнгөлөлт үзүүлж болно” гэсэн гэрээний заалтыг нэхэмжлэгч биелүүлээгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч, нэхэмжлэгчээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнд нэхэмжилсэн төлбөрийн 25 хувьтай тэнцэх буюу 1,853,880,267 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийт 24,078,983,666 төгрөгийг хариуцагч “Түгээмэл түмэн хишиг” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top