Шүүмж хэлсэн болгоныг “гүтгэн доромжилсон” гэвээс амаа үдүүлсэн ДАРАНГУЙЛАГЧ НИЙГЭМ л тогтоно

2023 оны 10 сарын 16

Монгол хэлний их тайлбар тольд “Доромжлол” гэсэн ойлголтыг “Доромжлох үйлийн нэр. Бусдын нэр хүнд, алдар хүндийг амаар, бичгээр болон бусад хэлбэрээр зориуд гутаасан үйлдэл, басамжлал, дээрэнгүйлэл” хэмээн тайлбарлажээ.

Ийм тохиолдол гэр орон, гудамж талбай, олон нийтийн дунд, ажлын талбарт хаана ч тохиолдож болно. Ялангуяа “Чуулганы танхимд хэлсэн үгийнхээ төлөө гишүүн хариуцлага хүлээхгүй” хэмээн өөрсдөдөө зориулан гаргасан журмаараа гул барьж, төрийн түшээд, эрхэм гишүүд бие биеэ харин ч элдвээр хэлдэг шүү дээ.

Гэтэл энэхүү “Доромжлох” хэмээх үйлдлийг Эрүүгийн хуулийн заалт болгон оруулж, бусдыг доромжилсон хүнийг уг хуулиар шийтгэдэг болох асуудал сүүлийн жилүүдэд хөндөгдөх болсон. Судлаач, шинжээчид үүнийг одоогийн мөрдөж буйгаар Иргэний хуулиар зохицуулах нь зөв хэмээн үздэг. Үүнд өртөгсдийн дийлэнх нь сэтгүүлчид. Тэд улстөрчдөөс шударга ёсыг нэхэж, тэдний гүнд бугшсан муу муухайг илчилж олон нийтэд хүргэснийхээ төлөө ял зэм авах нь түгээмэл. Эрүүгийн хуульд дээрх заалтыг нэмбэл эрүүгийн ялтны тоог сэтгүүлчид үлэмжхэн нэмэгдүүлж таарна.

Энэ хэрээр Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр хойш ухарсаар, олон улсын хэмжээнд хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдмал, ардчилалгүй орны тоонд орох болно. Тухайлбал, энэ 2023 онд “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас 21 дэх удаагаа 180 орныг жагсаан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс гаргахад Монгол Улс өнгөрсөн 2022 оныхоос хоёр байраар ахиж, 88 дугаарт бичигдсэн боловч "Асуудалтай" гэсэн ангилалд багтаад байна. Манай урд Замби, ард Фижи улс байгаа гээд бод. Хойшоо ердөө 19 алхахад л дараагийн шат руугаа гулсаж бүрэн эрх чөлөөгүй орнуудын жагсаалтад ороход ганц ангилал дутуу үлдэнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16.17 дахь хэсэгт “Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаатай эдэлнэ”. 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь иргэн бүрийн үүрэг” хэмээжээ. Тэгвэл Эрүүгийн хуулийн 3 дугаар зүйлд “Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гэсэн байна. Гэтэл хэн нэгний буруутай үйлдлийг сөхөн гаргасан үзэл бодол, итгэл үнэмшлийнхээ төлөө “гүтгэн доромжилсон” нэр зүүж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үүнтэй эргээд зөрчилдөж буйг хуулийн төсөл санаачилсан хүмүүс анзаарсан болов уу.

Бусдын нэр төр, алдар хүндэд зүй бусаар халдах нь байж боломгүй зүйл мөн боловч үүнийг зөрчсөн тохиолдолд Эрүүгийн хуулиар шийтгэх нь хэт хатуудсан арга хэмжээ гэдэг хэн бүхэнд ойлгомжтой. Олон улсын судалгаанаас харахад  Босни Герцоговини улс 2002 онд, Гүрж 2004 онд, Гана 2001 онд, Того 2004 онд, Шри-Ланка 2002 онд, Украин 2001 онд тус тус Эрүүгийн хуулиасаа гүтгэлэг, доромжлолтой холбоотой зүйл заалтуудаа хассан байна. Иргэний журмаар явах нь зөв гэдгийг эдгээр улс хүлээн зөвшөөрчээ. Гэтэл Монгол Улс эсрэгээрээ Эрүүгийн хуульдаа тусгах гэж хуулийн төсөл бэлтгээд байж байдаг.
 


Монгол Улсын Засгийн газраас өнгөрсөн жил Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Тус хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2-т зааснаар, “13.15 дугаар зүйл. “Доромжлох” гэмт хэргийг нэмж “Хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон тохиолдолд дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тусгажээ. Хэрэв Эрүүгийн хуульд үүнийг нэмж шинэчлэн баталбал хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа бүү хэл, иргэдийн үг хэлэх, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд үлэмжхэн саад болно гэдгийг сэтгүүлчид төдийгүй судлаачид хэлдэг. Учир нь энэ заалт хуульд орж хүчин төгөлдөр болбол дийлэнхдээ улстөрчид, өндөр албан тушаалтнууд, бизнесийн дээд хүрээнийхэн гомдол гаргах нь ойлгомжтой.

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс өчигдөр сэтгүүлч, сурвалжлагчдын дунд зохион байгуулсан сургалт, хэлэлцүүлгээр ч энэ асуудлыг тойрч ярилцсан юм.

Уг хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлч, сурвалжлагчид, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнууд “Доромжлох” гэсэн заалтыг эрүүгийн гэмт хэрэгт нэмэх шаардлагагүй. Доромжлох, гүтгэх үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэг биш, Иргэний хуулиар бүрэн зохицуулах боломжтой” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа.

НҮБ-ын Хүний эрхийн хорооноос Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын талаар өгдөг зөвлөмжид “гүтгэх”, “доромжлох” төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуулиас хасах чиглэл өгч байжээ. НҮБ-ын холбогдох хороо ч, ЮНЕСКО ч энэ төрлийн гэмт хэрэгт хорих ялын шийтгэл огт байж болохгүй тухай дурдсан байна. Гэвч үүнийг үл тоомсорлон, тэр бүү хэл эдгээр зөвлөмжийг буруугаар ойлгосон уу, эсвэл мушгин гуйвуулсан уу, эсрэгээрээ тэдгээр үйлдлийг Эрүүгийн хуульд тусгахаар төсөл боловсруулаад байна.

Уг нь Монгол Улсын Засгийн газар 2016 оны дөрөвдүгээр сард тогтоол гаргаж НҮБ-ын зөвлөмжийг биелүүлэх боломжтой гэж үзсэн боловч Зөрчлийн хууль руу шингээж, уг хуулийн  6.21 дүгээр зүйлд “Гүтгэх” гэсэн зохицуулалт “шигтгэжээ”. Түүгээр нэг биш сэтгүүлчийг торгох зэрэг арга хэмжээгээр шийтгээд авсан. “Хохирогч” хэмээн өргөдөл, гомдол гаргагчид нь мөнөөх л улс төрийн хүрээнийхэн. Энэ зохицуулалт хоёр жил хагасын хугацаанд хэрэгжээд шийдэл биш байна хэмээн үзэж “Худал мэдээлэл тараах” гэсэн гэмт хэргийг шинээр Эрүүгийн хуульдаа 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр оруулжээ. Мөн л улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн санаачилга учраас “Гүтгэх, доромжлох” гэсэн заалтаар нэхэмжлэл гаргах гол хүмүүс нь тэд болж таарч байгаа юм. Нэг инээдэмтэй атлаа туйлын эмгэнэлтэй жишээ байдаг. Нэгэн аймгийн Засаг даргыг гадаадад 13 удаа явсныг 15 удаа гэж бичлээ хэмээн  сэтгүүлчийг шүүхэд өгч “Би 13-хан удаа гадагшаа явсан байхад 15 гэлээ” гэсэн гомдол гарган шийтгүүлсэн  явдал бий. Ялангуяа УИХ, орон нутгийн ээлжит сонгууль дөхөж буй энэ цаг дор Эрүүгийн хуульд даруй энэ заалтыг оруулж, нэр төрөө хамгаалах нэрээр сэтгүүлчдийн болоод шударга иргэдийн “амыг хамхих” нь тэдний гол зорилго болж таарна.

Сургалт, хэлэлцүүлэгт оролцсон оюутнууд хэрэв Эрүүгийн хуульд “Доромжлох” гэсэн заалт орвол зөвхөн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ, мэдээлэл, сурвалжлага, нийтлэл төдийгүй төр, засаг, нийгмийн болохгүйг шүүмжилдэг соёл, урлагийн салбарынхан, реп дуучид, улс төрийн сэдэвтэй меме хийсэн залуус, шударга хэргийн төлөө жагсагчид бүгд эрүүгийн хэрэгтэн болж, олноор шийтгэл, ял хүлээх боломжтойг сануулж байсан нь оргүй зүйл огт биш. Залуу үеийнхэн, оюутнууд үүнийг ингэж соргогоор харж байна. 

Ингэхээр Эрүүгийн хуульд “Доромжлох” гэсэн заалт оруулбал ганцхан сэтгүүлчдэд хамаатай гээд нүд аниад өнгөрөх бус, мөнөөх олон дагагчтай инфлүүсэрүүд, жагсаал цуглаан, меме хийсэн иргэд, залуус, реп дуучид, тойргийн гишүүнээ шүүмжилсэн жирийн сонгогч иргэд гээд бүгд хамаатай болж таарна. Хошин шогийнхон бол бүр даший шог гэгч болох биз.

Гэснээс УИХ-ын гишүүд ч чуулганы танхимд хэлсэн үг хуульд хамаагүй гэдгээ больж, бие биеэ доромжилсон тохиолдолд Эрүүгийн хэрэгт татагдах учиртай байх. Хууль иргэдэд тэгш үйлчилнэ гэдгээ барьж үзвэл шүү дээ. Доромжилсон л бол доромжилсон учраас улстөрчид бие биеэ шүүхэд өгөх эрх нээлттэй болно л гэсэн үг.

Эдгээр бүхнийг эргэцүүлэн бодож, хуулийн төслөө эргэн харах ухаан хууль санаачлагчид болон эрхэм гишүүдэд бий гэдэгт итгэхийг хүснэ. Эсрэгээрээ шүүмж хэлсэн болгоныг “гүтгэн доромжилсон” гэж эрүүгийн ял тулгавал сэтгүүлчдийн үг, үзэг мохсон, иргэд амаа үдүүлсэн, айж бэмбэгнэсэн дарангуйлагч нийгэм л тогтохоос өөр зам үлдэхгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хмс(139.5.219.127) 2023 оны 10 сарын 16

Энэ чинь хүчтэйн өмнө хүчгүй нь л буруудана

0  |  0
з(43.228.130.188) 2023 оны 10 сарын 16

кккк Хуулиар Гүтгэх, Доромжлох 2-ийн зааг ялгааг сайн гаргаж бололгүй дээ... хэвлэлийнхэн дураараа захиалгаар бусдыг Гүтгэх, эсвэл дураараа Доромжлох 2-оор их мөнгө олдог юм шиг байна даа

0  |  0
Top