Монголын хөлбөмбөгийн шигшээ баг, хөгжөөн дэмжигчид, арын албаныхан гээд хөлбөмбөгийн төлөө хүчин зүтгэж, сэтгэл зүрхээ зориулдаг хүн бүрийн хувьд хамгийн чухал нэгэн тоглолт аравдугаар сарын 17-нд 15:00 цагаас МХБХ-ны талбайд болох гэж байна.
Энэ бол 2026 оны ДАШТ, 2027 оны Азийн АШТ-ий урьдчилсан шатанд шалгарах эрхийн төлөөх хоёр дахь тоглолт. Афганистаны талбайд 1:0-ээр хожигдсон ч бидэнд дараагийн шатанд шалгарах боломж бүрэн дүүрэн байна. Ялангуяа өөрсдийн талбайдаа, галзуу фанатуудынхаа өмнө ялалт байгуулах боломж бий гэдгийг өмнөх тэмцээн уралдаануудаас бид хангалттай харсан.
Зүүн Азийн АШТ-ий нэгдүгээр шатыг талбайдаа зохион байгуулахад Макаог 4:1, Умард Марианы Арлуудыг 9:0-ээр хожиж, Гуамтай 1:1-ээр тэнцэж дараагийн шатны эрхээ авсан.
2022 оны ДАШТ-ий урьдчилсан шатны эрхий төлөө Бруней Дарусаламыг талбайдаа 2:0-ээр хожиж том давуу тал байгуулж, улмаар нийлбэр дүнгээр цааш шалгарсан.
ДАШТ-ий урьдчилсан шатны хэсэгт багтаж талбайдаа Мьянмарыг хүлээн авч 1:0-ээр хожиж, хүчирхэг Киргизстаны багтай эн тэнцүү тоглож байгаад эцэст нь 1:2-ээр хожигдсон.
Азийн АШТ-ий урьдчилсан шатанд дэлхийд данстай тоглогчидын эсрэг гайхалтай тоглолтыг үзүүлсэн. Тодруулбал Палестинд 11 метрийн торгуулийн цохилтоор, Филлипинд эцсийн мөчид гоол алдаж хожигдсон. Тэр гоолын эзэн нь Бундес лигийн тоглогч байв. Том дэвжээнд, хүчтэй багуудтай тулсан ч үзэгч олноо гомдоолгүй сүүлийн тоглолтод Йеменийг 2:0-ээр буулган авсан.
Энэ мэтчилэн хамгийн гайхалтай хожлууд, гоолууд Монгол эх орондоо, элэг нэгт хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хийсэн тоглолтуудад бүтжээ. Иймийн учир, хөгжөөн дэмжигч та “Хөх чононууд”-ын 12 дахь гишүүн тул аравдугаар сарын 17-ны 15:00 цагт МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн хүрэлцэн ирж багаа дэмжээрэй.
Эсрэг багийн талбайгаас нэг гоолын зөрүүтэй ирсэн шигшээ багийнхан маань хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн түрлэгтэй хамт ялалт байгуулж, дараагийн шатанд шалгарахыг хүсч байна.
Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо
Сэтгэгдэл ( 1 )
Дэмжээд очиж үзнээ. Энэ удаа хожихыг бодно шүү. Галзуу фэн чинь...