Өдөр тутмын сонинуудад шаардлага хүргүүллээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 15

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол хэлний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “энэ хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, зөрчлийг холбогдох байгууллагад хандан шийдвэрлүүлэх, үр дүнг шуурхай мэдээлэх.” гэж заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс нэр бүхий гурван сонины 3 хоногийн дугаарт монгол хэлний хэм хэмжээг баримталж буй эсэхэд судалгаа хийж, зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлэх хүсэлт ирүүлсэн байна. 

Эдгээр сонин хэвлэлийн нийтлэл, мэдээлэлд хийсэн үгийн сангийн, хэл найруулгын судалгаагаар зөв бичих дүрэм, найруулгын алдаатай, гадаад үгийн хэрэглээ ихтэй, товчилсон үгийн тайллыг бичээгүйгээс ойлгомжгүй, тайлж унших боломжгүй гэх мэт нийтлэг зөрчлүүд илэрч байгаа нь Монгол хэлний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус зөрчсөн байна. 

Нэр бүхий 3 сонины редакцид сонин хэвлэлийн нийтлэл, мэдээлэлд монгол хэлний зөв зохистой хэрэглээ, найруулга зүй, зөв бичих дүрмийг баримтлах, гадаад үгийн хэрэглээнээс аль болох татгалзах, товчилсон үгийн тайллыг бичих, Монгол хэлний тухай хууль, Монгол хэлний зөв бичих дүрмийн толийг баримтлан нийтлэл, мэдээллээ бэлтгэж хэвших зэргээр зөрчлийг арилгах, давтан зөрчил гаргахгүй байх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, ажиллах, түүнчлэн биелэлтийг 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн дотор ирүүлэх шаардлагыг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 01/1396 дугаартай албан бичгээр хүргүүллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.233) 2023 оны 10 сарын 15

сэтгүүлчид мохоо хэлтэй,зөв бичих дүрэм мэддэггүй

0  |  0
Top