Хөгжлийн банк энэ аравдугаар сард Евро бондын 400 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.4 их наяд орчим төгрөгийн төлбөр барагдуулах ёстой.
Өнгөрсөн оны нэгдүгээр сараас хойш зээлийн эргэн төлөлтийн дүн нийт 1.5 их наяд төгрөгт хүрсний 1 их наяд нь Самурай бондын 30 тэрбум иений зээлийг дарахад зарцуулагдаж буй.
Тэгэхээр энэ сард Евро бондын 400 сая ам.долларын төлбөрийг зээлийн эргэн төлөлтөөр бүрэн гүйцэт төлөх боломжгүй юм.
Тодотгоход, зээлийн эргэн төлөлтөөс Евро бондын 500 сая ам.долларын 106 сая ам.доллартой тэнцэх хэмжээний бондыг худалдан авснаар 394 сая ам.долларын төлбөрийг шийдэх шаардлагатай болсон юм.
Уг бондын төлбөр төлөгдөх хүртэлх хугацаанд зээлийн эргэн төлөлтөөр 400 сая ам.доллар төвлөрүүлж хүрэхгүй бол бонд гаргана, эсвэл гадаад валютын нөөцөөс бондын төлбөрийг хийнэ гэсэн хоёр арга зам байгааг Төв банкны ерөнхийлөгч өмнө нь хэлж байсан.
Түүнчлэн Хөгжлийн банк өнгөрсөн хавар гаргасан Өрийн удирдлагын төлөвлөгөөндөө энэ онд багтаж 300 сая ам.долларын зээл авахаар тусгаж, Засгийн газар зөвшөөрчихсөн.
Улмаар тавдугаар сард 75 сая ам.доллар гаднаас зээлсэн юм. Түүнчлэн энэ аравдугаар сард Евро бондын төлбөрийг төлөхөөс өмнө 225 сая ам.долларын санхүүжилт босгох шаардлагатай байгаа.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа тавдугаар сард хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Эрэл”, “Бэрэн”, “Хөтөл” гэсэн гурван компанийн төлөх 772 тэрбум төгрөг бондын төлбөрийн дутаж буй дүнтэй дүйнэ, 5-7 дугаар сарын дотор их хэмжээний муу зээлээ төлүүлж чадвал гадаад өрөө төлөхөд хялбар болно. Эсвэл гадаад зах зээлээс дахин зээл авч, дахин санхүүжилт хийхээс өөр аргагүй болно. Гол нь чанаргүй зээлийн асуудлыг маш яаралтай шийдэх хэрэгтэй. Хүлээгдэж байгаа өр төлбөр бол оны эцсээр төлөгдөх гадаад өрийн асуудлыг шийдэх хамгийн том дэмжлэг байх юм” гэсэн байдаг.
Гэвч дээр дурдсан гурван компанийн тухайд зээлээ төлж барагдуулаагүй байна. Тэгэхээр Хөгжлийн банк энэ сард 400 сая ам.долларыг бүрэн төлөхийн тулд гаднаас санхүүжилт татах уу, эсвэл $4 тэрбум даваад буй валютын нөөцөөс гаргах уу гэдэг асуудал байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ч.Хүрэлбаатар гэгч лүд бүх бондын мөнгийг төлж барардууллаа гээд байсан, түүнийг хорьж шалгахад учир нь олдох биз ээ.