“Доромжлох”-ыг хуульчлах нь улстөрчдийн хүсэл юм

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 10 сарын 24

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай яригдах бүрт “доромжлох, гүтгэх”-ийг хуульчлуулах ил, далд хөдөлгөөн идэвжхдэг нь нууц биш. Авлига, хулгай, албан тушаалын хэргүүд  их төлөв эрх мэдэлтнүүдийн зүгээс л гардаг. Гарч ч байгаа. Бүр өндрөө авсныг Хөгжлийн банкны луйвар, Нүүрсний хэрэг, Улаанбаатар хотын газрын наймаанаас харж болно.

Сүүлийн үед барилга ашиглалтад авах зөвшөөрөл олгох мөнгөний мест дээр суусан дунд шатны  дарга нарын хэчнээн тэрбумаар идээд ч цадахгүй явж ирсэн нь илэрч хэл ам таталж байна. Ийм болчихоод байхад хэвлэлүүд юугаа хийж байсан юм бэ гэвэл харин ч сэтгүүлч, хэвлэл, мэдээллийнхэн хангалттай мэдээлж байж. Тухайн үед нэг л их доромжлуулсан, гүтгүүлсэн хүмүүс, хэвлэлийг шүүхэд өгнө, уучлал гуй, хүлцэл өч хэмээн дарамталж байсан нь ч бий. Сүрийг үзүүлж, дарамталж байгаад уучлал гуйлгаж, хүлцэл өчсөн мэдээ гаргуулж аваад шүүх дээрх хавтаст хэрэгтээ хавчуулдаг аргатай бачтайнууд нь ч байна. Тэр л хүмүүсийн зүгээс Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлт дундуур “Доромжлох”-ыг хуульчлуулан шургуулах гэж оролддог биз. Ирэх сонгуулийг угтаж, ийм заалттай болгуулчихвал ичих булчирхайгүй улстөрчдөд бүр ч хэрэгтэй. Нэг л их доромжлуулж, гүтгүүлсэн энхийн цагаан тагтаанууд ирэх жил нэр дэвшихэд нь ашигтай байдаг учраас тэрхүү заалтыг “амьдруулах” гэж  идэвх зүтгэл гаргадаг болов уу.

Эрүүгийн хуульд гүтгэх, доромжлох гэмт хэргийг тусгах нь хүний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэтрүүлэн хязгаарлах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур тогтоох  сөрөг үр дагавартай болохыг Хүний эрхийн олон улсын байгууллагууд анхааруулдаг. Манай улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ конвенциуд ч онцгойлон анхааруулсан байдаг. Үүнийг Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, Глоб интернэшнл төв, Хэвлэлийн хүрээлэн зэрэг байгууллагаас сануулж, хуулийн төслөөс уг заалтыг татаж авахыг УИХ-ын гишүүдэд уриалж, ил захидал илгээж байв.

Тодруулбал, дээрх байгууллагуудын зүгээс Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс “Доромжлох” заалтыг татан авах санал хүргүүлэх тухай ил захидалдаа "Улс орнууд иргэдийнхээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх, төрийн бодлого шийдвэр, түүний үр дагаврын талаар баталгаатай, найдвартай мэдээлэл авах эрхийг хүндэтгэн хамгаалах үүрэгтэй. Иргэд сонгогчдынхоо мэдэх эрх, шүүмжлэлт дуу хоолойг хязгаарлах аливаа оролдлого, үйлдэл нь ардчилсан Монгол Улсад байх боломжгүй” гэдгийг онцолж байв.

Мөн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал”-д “доромжлол”-ыг Эрүүгийн хуулиар зохицуулахыг зөвтгөж үзэх үндэслэл, тайлбар байхгүй байгааг ч анхааруулж байсан юм. Учир нь НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсын тайланд өгсөн зөвлөмжид “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцид нийцүүлэх”-ийг тусгасан байдгийг удаа дараа сануулж байв. Түүнчдэн НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос өгсөн зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газар буруугаар буюу урвуулан ашиглаж байна гэж үзсэн байдаг.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Эрүүгийн хуульд өнгөрсөн жил доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцъё гэдэг асуудал хуулийн төсөл өргөн баригдсан. Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд би доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохын эсрэг байдаг. Гишүүн байхдаа ч энэ байр сууриа илэрхийлж байсан. Иймд доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох хуулийн заалтыг би Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувьд татаж авна гэдгээ илэрхийлж байна” гэсэн байр суурийг илэрхийлээд байна. Салбарын сайд хэлсэн амандаа хүрэх үү, үгүй юу гэдэг олон нийтийн анхаарлын төвд байгаа юм.

Хэвлэл мэдээллийн зөвлөл НҮТББ-аас 2023 оны есдүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулсан “Доромжлох үйлдлийг эрүүгийн хуулиар зохицуулах нь зөв үү?” редакторуудын зөвлөлдөх уулзалт, саяхан болсон “Эрүүгийн хуульд оруулах, нэмэлт, өөрчлөлттэй холбоотой хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөллийн уулзалт” зэргээс ч "...Хангалттай үндэслэл болон судалгаанд суурилаагүй дээрх хуулийн төслийг өргөн барихдаа олон улсын зөвлөмж, мэргэжлийн байгууллагуудын саналыг тусгаагүй, хэвлэл мэдээлэл, иргэдийн олон талт оролцоотой хэлэлцүүлэг, санал, дүгнэлтийг аваагүй явдлыг иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн салбарынхан бид эрс шүүмжилж байна. Олон нийт, сонгогчдынхоо үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, шүүмжлэлт дуу хоолойг хамгаалж “Доромжлох” үйлдлийг Эрүүгийн хуулиар зохицуулахаар өргөн мэдүүлсэн төслөөс татгалзаж Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн алхам хийхийг УИХ-ын гишүүдээс  хүсье. Хүмүүнлэг, энэрэнгүй, шударга, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох нь Улсын Их Хурлын гишүүд та бүхний төдийгүй иргэний нийгэм, тэр дундаа хэвлэл мэдээллийн салбар, сэтгүүлч бидний хамтын зорилго юм. Шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хүний эрх, эрх чөлөөг улам бататгахын төлөө тус хуулийн төслөөс татгалзана байна гэдэгт гүнээ итгэж байнa” гэдгийг дахин илэрхийллээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top