ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн, Засгийн газрын Тэргүүн А.С.Цыденов тэргүүтэй тус улсын төр, засгийн төлөөлөгчид манай улсад ирж, Монгол-Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны хамтарсан комиссын ээлжит хуралдаанд оролцжээ.
Энэхүү айлчлалын хүрээнд, Монгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Жалбалсүрэнгээр ахлуулсан аймгийн ЗДТГ-ын албаны хүмүүс Орон нутгийн удирдлагын ордонд Алексей Цыденовыг угтан албан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Буриад улсын Тэргүүн тус улсын Засгийн газрын зүгээс Төв аймгийн удирдлагатай бодит хамтын ажиллагаагаа хөгжүүлэх асуудлуудыг онцлон ярилцлаа. Үүнд, Монгол Улсын орон нутгаас орос хэлний багшаар суралцах хүсэлтэй оюутнуудыг үнэ төлбөргүй сургах бүрэн боломжтой бөгөөд Засгийн газрын Тэргүүний зүгээс олгож буй тэтгэлэгт хамруулах талаар дэлгэрэнгүй танилцууллаа. Инженерийн мэргэжлээр, тухайлбал, байгалийн хийн хоолой Төв аймгаар дайран өнгөрөх болсонтой уялдуулан орон нутагт хийн хоолойн шугаманд засвар үйлчилгээ үзүүлэх салбарын мэргэшсэн мэргэжилтнүүд Монголд нэн хэрэгцээтэй болохыг харгалзан үзэж, бүс нутгийн залуучуудад орос хэл сурах боломжийг нээж өгөхөд бэлэн буйгаа илэрхийлэв.
Монгол оюутнууд Буриадад хэлний курст суусны дараа ОХУ-ын аль ч их, дээд сургуульд тэтгэлгээр суралцаж, шаардлагатай мэргэжлийг эзэмших боломжтой болно гэв.
Цаашлаад Буриадын аж үйлдвэрлэлийн салбарын чадавхийн талаар ярьсан юм. Тухайлбал, Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр нь өөрөө нисдэг тэрэг үйлдвэрлэхээс гадна агаарын тээврийн боловсон хүчин, техник хэрэгслийн ашиглалт, засвар үйлчилгээний инженер техникийн мэргэжилтнүүдийг бэлтгэхэд туслахад бэлэн байна. Өнөөдөр Монголын уул уурхай, боловсруулах үйлдвэрийн салбарт зам гүүр, дамжлага хоолой, хүнд металл байгууламжийг Буриадын төмөр хийцийн үйлдвэр үйлдвэрлэн хангах боломжтойг цохон тэмдэглэлээ.
Хөдөө аж ахуй, эмнэлгийн үйлчилгээ, харилцан хөрөнгө оруулалт, соёл, спортын хамтын ажиллагаа гээд олон сэдвийг хөндсөн энэхүү уулзалтыг өндөрлөж, Буриадын урлаг, соёлын гавьяат зүтгэлтнүүд, улсын эрдмийн театрууд болон ардын дуу бүжгийн чуулгууд, үндэсний урлагийн хамтлагууд Төв аймгийн ТХШ, АЖ Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит хөгжимт-драмын “Монгол туургатан” театртай хамтран тус театрын өвлийн улирлын нээлтийг “Монгол туургатны туульс-3” хүндэтгэлийн тоглолт зохион байгуулав.
Сэтгэгдэл ( 3 )
Элийрээд байгаарай,орос хэл сурах ч гэх шиг.Дундад Азид хүртэл оросоор яривал тэд зайгаа барьдаг болсон цаг
Юун Орос хэл заалгах вэ, тэнэг архичин л болох байх Орос буриадаас сурах юм юу ч байхгүй. Япон Солонгос бол өөр. АНУ д бараг бүх айлын хамаатан байхад элэнцэгийн Буриад,,,, Бид хол байх нь гэмгүй байх, баахан хүнээ Узрайру явуулаад алуулаад байдаг
хоцрогдсон буриадаар яах ч юм билээ дээ