Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэлийг "Олимпик хаус"-т хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар “Парис 2024” Олимпын бэлтгэл ажил болон допингийн хор нөлөөгөөс Олимпын тамирчдаа хамгаалах тухай санал бодлоо солилцов.
Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл ирэх Парисын олимпод манай жүдогийн баг эрэгтэй, эмэгтэй нийт 14 жинд бүтэн бүрэлдэхүүнтэй оролцохыг зорьж байгаагаа онцлов. Манай тамирчид Олимпын бэлтгэлийн хүрээнд дараа сард Япон улсад хамтарсан бэлтгэл хийх бол ирэх оны нэгдүгээр сард Австри улсад Европын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг жүдочдын өвлийн бэлтгэлд хамрагдах болсныг мэдэгдлээ.
Түүнчлэн жүдо бөхийн тамирчид жилдээ дунджаар 10 орчим удаа допингийн шинжилгээнд хамрагдан тогтмол хяналтад байдаг бөгөөд Олимпын тамирчдыг допингийн асуудлаас ангид байлгаж хамгаалах нь чухал хэмээн ярилцав.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “Ханжоу 2022” Азийн наадамд жүдогийн баг тамирчид амжилттай оролцсонд баяр хүргэж, баг тамирчдын Япон улсад хийх хамтарсан бэлтгэлд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )