Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монголын сквош теннисний холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга О.Алтанхуягийг "Олимпик хаус"-т хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар сквошийн төрөл "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсаныг онцолж, цаашид баг тамирчдаа түлхүү дэмжин ажиллах тухай ярилцав.
Манай сквош теннисчид ирэх сард Иран улсад, 2024 оны нэгдүгээр сард Португалийн Порто хотноо олон улсын тэмцээнд оролцохоор бэлтгэл сургуулилтаа базааж байгаа аж.
МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг сквошийн төрөл анх удаагаа Олимпын хөтөлбөр орсонд баяр хүргэж, тэмцээнд оролцох баг тамирчдад амжилт хүсэн спортын хувцас хэрэглэл гардууллаа.
Дашрамд дурдахад энэ сарын 14-17-ны өдрүүдэд болсон ОУОХ-ны 141-р Чуулганаар "Лос-Анжелес 2028" Олимпын наадмын хөтөлбөрт нэмэлтээр флаг-футбол, крикет, лакросс, сквош болон бейсбол/софтбол нийт таван спортын төрлийг албан ёсоор баталсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )