Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэг, Улаанбаатар дахь Хятадын соёлын төв болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам хамтран “Хятадын үйл хэрэг” гурав дахь лекцийг зохион байгууллаа.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд болсон энэхүү цуврал лекцийн өнөөдрийн илтгэгч нь МУИС-ийн Күнзийн Институтийн Орчуулга судалгааны төвийн захирал, нэрт хятад судлаач, орчуулагч М.Чимэдцэеэ байсан юм.
“Хятадын шилдэг уламжлалт соёл “Шүүмжлэл өгүүлэл”-ийн талаар бид хэр ихийг мэдэх вэ” гэх түүний лекц нь хоёр улсын уламжлалт соёлын талаарх мэдлэг, ойлголтыг нэг шат ахиулан нэмэгдүүлж, ард түмний сэтгэл зүрхний холбоог урагшлуулан хоёр улсын соёл иргэншлийн солилцоонд суралцах явцыг гүнзгийрүүлэхэд хувь нэмэр оруулна хэмээн зохион байгуулагчид хэлж байлаа.
Энэ удаагийн цуврал лекцийн үйл ажиллагаанд Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Монгол Улаас БНХАУ-д сууж байсан Элчин сайд асан Г.Батсүх болон Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөл, эрдэмтэд болон залуус оролцлоо. “Хятадын үйл хэрэг” цуврал лекцээр хоёр улсын хамтын хөгжил цэцэглэлтийг урагшлуулах боломжийг эрэлхийлж байгаа талаараа зохион байгуулагчид хэлж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )