Аавдаа зориулсан АЗИЙН НААДМЫН МЕДАЛЬ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 10 сарын 29

БНХАУ-ын Ханжоу хотод Азийн зуны спортын IV пара наадам өндөрлөлөө. Наадмын сүүлийн өдөр хөнгөн атлетикийн зээрэнцэг шидэлтийн эмэгтэйчүүдийн F-40, 41 ангилалд Монголын тамирчин 2019 оны Азийн дээд амжилтыг эзэмшигч Д.Саруултөгс 20.79 метр шидэлт хийснээр мөнгөн медаль хүртлээ.

Д.Саруултөгс “Ханжоу-2022” Азийн наадмаас Монголын багийн найм дахь медаль, гурав дахь мөнгөн медалийг хүртэж байна.

Тус наадмаас Монголын хөнгөн атлетикийн найман тамирчин ДАШТ-д оролцох есөн эрх авлаа.

Д.Саруултөгс медаль хүртсэнийхээ дараа "Энэ медалиа тэнгэрт байгаа аавдаа зориулж байна. Аав минь бурхан болоод нэг сар болж байгаа юм. Ханжоуд аавынхаа нэрийг дуудуулахыг хүссэн, зорилго минь биелэлээ" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Монголын хөнгөн атлетикчид Азийн наадмаас өмнө нь Э.Өнөрмаа мөнгө, Г.Мөнхбат, Г.Цогтгэрэл, Ц.Баттулга нар хүрэл медаль хүртэж байсан билээ. Д.Саруултөгс хөнгөн атлетикийн тус наадмын Монголын тав дахь медальтан болов.

Монгол Улсын баг “Ханжоу-2022” Азийн наадмын долоо дахь өдрийн байдлаар хоёр алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтайгаар 44 орноос 20 дугаар байрт жагсаж байна. Пара хөнгөн атлетикийн багийн ахлагч, Монгоын үндэсний пара хөнгөн атлеттикийн холбооны ерөнхийлөгч, дасгалжуулагч, спортын мастер Б.Батдорж, МҮПХА-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУХМ Ц.Одонбаяр, Гавьяат дасгалжуулагч, ОУХМ Б.Энхбаатар, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч В.Батболд, дасгалжуулагч Б.Ирмүүн нарын удирдлага дор есөн тамирчин эрх авч оролцлоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(1.73.153.222) 2023 оны 10 сарын 29

bayr hurgei

0  |  0
Top