124 хавтаст материалтай Б.Ганхуягийн "НҮҮРСНИЙ ХУЛГАЙ"

Б.Төрбат | Zindaa.mn
2023 оны 10 сарын 30

-“Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Ганхуяг эрүүл мэндийн шалтгааны улмаас батлан даалтад гарах хүсэлт тавьсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй бол прокуророос түүнийг 124 хавтаст материалаар яллаж байна-


АТГ-аас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнийг "Нүүрсний хулгай"-н хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2023.10.30/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд нээлттэй боллоо.

Шүүх хурлын үеэр шүүгдэгч нарын өмгөөлөгчдийн зүгээс "Гэрч, шинжээч ирээгүй", "Шүүгдэгч нарын биеийн байдал хүнд байна", "Зарим шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй" зэрэг шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан.

Тиймээс шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй хэмээн үзэж Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 11:30 цаг хүртэл хойшлуулав.

Б.ГАНХУЯГ: МИНИЙ ХОЁР ХӨЛ ЯВАХАД ХЭЦҮҮ, ХАМАГ БИЕЭР ЮМ ТУУРСАН 

Энэ үеэр "Эрдэнэс тавантолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан, шүүгдэгч Б.Ганхуяг "Энэ хугацаанд хэрэгтэй танилцсан. Нийт 124 хавтаст материалыг 12 хоногт шахаж, өдөрт 2500-3000 хуудас уншиж танилцлаа. Одоо надад 21 хавтаст материал уншаагүй үлдсэн. Ер нь, 125 дахь хавтаст материалаас хойш нэлээн чухал зүйлүүд байгаа юм шиг байна билээ. Хавтаст хэрэгтэйгээ бүрэн танилцаж амжаагүй" гэдгээ хэллээ.

Түүнчлэн "Өнгөрсөн есдүгээр сараас хойш миний биеийн байдал сайнгүй байгаа. Ялангуяа хамаг биеэр юм туурчихсан. Өмнө нь идээ гараад байсан юм. Тэгсэн одоо идээ нь гарахаа байгаад хоёр хөл явахад хэцүү болчихсон. Хоёр хөл, нуруу бүх биеэр юм туурсан. Буйл болон гар эхнээсээ хөхрөөд эхэлсэн. Надаас цусны шинжилгээ авсан ч хариуг нь өгөөгүй. Энэ асуудлаар эмчилгээнд орохгүй бол болохгүй байна. Би хувь хүн талаасаа ийм зүйл яриад байдаггүй. Би шүүх хуралд цагаадах байр суурьтай оролцож байгаа, эндээ ч итгэлтэй болсон. Учир нь, 124 хавтаст материалын ард намайг буруутгах юу ч байхгүй. Өнөөдрийг хүртэл 11 сар хоригдчихоод сууж байна. Миний хувьд зугтах гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн Монголдоо байдаг хүн. Энэ байдлыг харж үзээч ээ. Батлан даалтад гаргаж өгөөч ээ гэж хүсэх байна. Би дотуур өмд өмсөхөө байсан, цус шүүрээд наалдаад байгаа юм. Үс ч аймар унаад эхэлсэн" хэмээн шүүх танхимд ярилаа.


ПРОКУРОРООС ШҮҮГДЭГЧ Б.ГАНХУЯГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ХОРИХ ШААРДЛАГАТАЙ ГЭЖ ҮЗЭВ

Тэгвэл улсын яллагчийн зүгээс "Шүүгдэгч Б.Ганхуягийн хувьд 21 хавтаст хэрэгтэйгээ танилцаагүй гэдэг зүйл ярьж байна. Энд хэзээ хавтаст хэрэгтэй танилцахыг хуулиараа заасан, танд 30 гаруй хоног өгсөн. Заасан хугацаанд хавтаст материалтайгаа танилцах ёстой. Биеийн байдал яриад байна, бас. Батлан даалтад гарах зүйл ярьж байна. Прокурорын зүгээс таслан сэргийлэх арга хэжмээг үргэлжлүүлэн авах шаардлагатай гэж прокурорын зүгээс үзэж байна" гэх хариу тайлбарыг өгсөн бол шүүх бүрэлдэхүүн "Б.Ганхуягийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж авах боломжгүй" гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лодой(66.181.186.133) 2023 оны 10 сарын 31

Тийм л их юмны гэрч юм бол шууд тэр хүмүүсээ зарлаач. Тэгээд ард түмнээсээ хамгаалалт аваач. Худалаа шаагаад л хэргээсээ яаж мултарах вэ гэж л бодож заль зохиож байна л гэж бодож байна.

0  |  0
Zochin(80.148.22.12) 2023 оны 10 сарын 31

Зүгээр л буудчих хулгайчдыг юун шүүх хурал тэгээд бүх хөрөнгийг нь хураа

0  |  0
S(139.5.218.139) 2023 оны 10 сарын 30

SEXSDN80955877

0  |  0
Top