Мэргэжлийн сумогийн ертөнцийг сууриар нь ганхуулсан “найраа”-ны хэрэг намжиж Японы сумо бөхийн холбоо долдугаар сарын башёг зохион байгуулсан. Дуулиант найрааны хэргээс үүдэн хоёр башё алгассан тус холбоо дахин үзэгчдээ татах хүндхэн асуудалтай тулгараад байсан. Харин өнөөдөр 11 өдрийн барилдаан болно. Эхний арван өдрийн дараахь байдлаар 68 дэх аварга Хакүхо, озэки Харүмафүжи /10-0/ нар нэг ч унаагүй арван даваатай тэргүүлж байна. Өчигдөр хамгийн түрүүнд Шотэнрү /5-5/ нутгийн ах Токитэнкүтэй /5-5/ барилдаж даваагаа ахиулсан. Тэдний араас Тамаваши /3-7/ нутаг нэгт Асасэкирюүгоор /4-6/ давлаа. Тама-вашигийн хувьд үлдэж байгаа өдрүүдийн барилдаанд бүгдэд нь давж байж качигоши буюу 50 хувийн амжилтаа үзүүлэх юм. Монголын сумочдын алтан хараацайнуудын нэг гэгдэх гавьяат тамирчин Кёкүтэнхо нагоя башёд бэлтгэл муутай оролцож байгаа нь түүний барилдаанаас харагдаж байна. Тэрээр одоогоор нэг давж, ес унажээ. Энэ сарын башё гурван сэкивакэтай болж байгаа гэдгээрээ онцлог. Тэгвэл гурав дахь сэкивакэ Какүрюү /6-4/ өчигдөр өвдөг шороодлоо. Гэхдээ түүнд боломж бий. Тэрээр үлдэж байгаа барилдаанаасаа хоёрт нь давбал цолтойгоо үлдэнэ. 10 даваатай яваа Хакүхо, Харүмафүжи нарын араас хоёр унаатай зургаан бөх нэхэж байна. Оозэки цолоо амжилттай хамгаалан барилдаж байгаа ахмад оозэки Кайо долоон унаатай болж хүнд байдалд оров. Тэрээр үлдэж байгаа өдрүүдэд унах эрхгүй боллоо. Одоо түүнийг сумогийн аварга, арслангууд хүлээж байгаа юм. Үүнээс үзэхэд Кайо оозэки качигоши хийх магадлал тун бага байна. Жюүрёд барилдаж байгаа Монголын сүмочдын төлөөлөл Ара-ваши /4-6/ өчигдөр даваагаа нэгээр ахиулав. Макүшита хүртэл унасан Риюү Санчирболдын тааруу амжилт үзүүлсээр байна.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )