Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

2023 оны 11 сарын 01

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Гэр бүлийн тухай хууль нь Иргэний хуулийн суурь зарчимтай төдийлөн уялдаагүй бөгөөд хэрэгжиж эхэлснээс хойших хугацаанд тус хуульд нийт 8 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан буюу бусад хуулийн шинэчлэлийг дагалдаж өөрчлөлт оруулсан байна.

Монгол Улсын хувьд хууль батлагдаж байсан үе буюу 1999 оноос хойш гэрлэх, гэрлэлт цуцлах, хүүхдийн эрх, хууль ёсны эрх ашиг хөндөгдөх, зөрчигдөх, сэргээх зэрэг харилцаа ихсэж байгаа бөгөөд үүнээс үүсэх үр дагаврыг төдийлөн нарийвчлан зохицуулаагүй байна.

Бусад улсын  жишгээс үзэхэд, гэр бүлийн хөрөнгийн эрх буюу гэрлэгчдийн дундаа хэсгээр өмчлөх, эсхүл хамтран өмчлөх эд хөрөнгийн эрхийн зохицуулалтыг сайжруулах, тээгч эхээр хүүхэд тээлгэх, зохиомлоор үр суулгах гэх зэрэг шинэлэг асуудлуудыг хууль тогтоомжоороо зохицуулж байна.

Иймд гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримталжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top