Олимпын анхны медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 11 сарын 04

Одоогоос 55 жилийн өмнө буюу 1968 оны аравдугаар сарын 12-ны өдөр Мексик улсын Мехико хотноо зуны XIX Олимпын наадам хөшгөө нээж, Монголын баг чөлөөт бөх, буудлага, хөнгөн атлетик, гимнастикийн төрлөөр 16 тамирчны бүрэлдэхүүнтэй оролцсон билээ.

“Мехико 1968” Олимпын найм дахь өдөр буюу аравдугаар сарын 20-ны өдөр чөлөөт бөхийн төрөлд ур чадвараа сорьсон манай тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, Т.Артаг нар анхны хүрэл медалийн эзэд болсон бол Ж.Мөнхбат анхны мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхтэй.

ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Монголын олимпын медальтнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, “Барселон 1992” Олимпын хүрэл медальт Н.Баярсайхан нар анхны медальтнуудаа болон гэр бүлийн төлөөллүүдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг Монгол Улс Олимпын наадмаас медаль хүртсэний 55 жилийн ойн мэнд хүргэж, хойч үедээ үргэлж туршлага, сургаалаа хүргэдэгт талархал илэрхийлэн эрүүл энх байхыг хүсэн ерөөлөө.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top