Б.Жавзмаа паралимпийн эрх авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 20

Өнгөрсөн өдрүүдэд Италийн Турин хотод пара байт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, манай улсаас Бээжингийн паралимпийн аварга Д.Баатаржав тэргүүтэй харваачид цэц сорьсон. Паралимпийн аварга Д.Баатаржавын хувьд ганцаарчилсан төрлийн урьдчилсан харваанд айргийн тавд жагссан боловч товхоор АНУ-ын Майкл Луковт 4:6-гаар дийлдэв. Харин эмэгтэйчүүдээс залуу харваач Б.Оюун-Эрдэнэ долдугаар байр эзэлж, паралимпийн эрхээс атгаад алдсан байна. Тэрээр эхлээд Германы харваачийг 6:0-оор, Бразилийн тамирчинг 6:5-аар дараалан буулгаж авсан ч Хятадын Гао Фэнд 1:7-гоор хожигдов. Олон улсын хэмжээний мастер Б.Жавзмаа эхлээд Оросын тамирчинг 6:4-өөр ялсан ч грек бүсгүйд 4:6-гаар ялагдсан. Гэхдээ Б.Жавзмаа “Гуанжоу-2010” Азийн наадамд гаргасан амжилтаараа Лондон-2012 паралимпийн эрхээ авч байгааг Олон улсын паралимпийн хорооноос зарлажээ. Холимог багийн харваанд Д.Баатаржав, Б.Жавзмаа нар амжилттай оролцож дөрөвдүгээр байрт орсон байна. Тэд эхлээд Малайзыг 131:116-гаар, улмаар Их Британийн хүчтэй багийг 143:125-аар буулган авсан ч Хятадын харваачдад 133:145-аар дийлджээ.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top