Уур амьсгалын өөрчлөлт, Цөлжилт, Биологийн олон янз байдалтай холбоотой конвенцуудын хэрэгжилтийг эрчимжүүлнэ

2023 оны 11 сарын 09

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

Уулзалтаар байгаль орчны салбарт Монгол Улсын нэгдэн орсон  дээрх конвенцуудыг хэрэгжүүлэх төрийн байгууллагуудын салбар хоорондын уялдаа холбоо, гарц шийдэл, хэрэгжилтийг эрчимжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Уулзалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нээж үг хэллээ. Тэрбээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг эрчимжүүлэх эрх зүйн цогц шинэчлэлийг яаралтай хийх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулахын тулд төрийн бүх шатны байгууллагын үүрэг оролцоо, хяналт хариуцлагыг сайжруулах, нийгэм, эдийн засгийн бодлогуудыг ногоон хөгжлийн зорилтуудтай бүрэн нийцүүлэхэд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.

Уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий орны хувьд бусад улсын адил цөлжилт, газрын доройтол, гамшигт үзэгдлийн давтамжаас үүдэлтэй сөрөг нөлөөлөл, биологийн олон янз байдлын хомсдолыг бууруулахад чиглэсэн ажлаа голлох салбаруудад эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа юм.

Тухайлбал хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэх, дасан зохицох чадварыг сайжруулах санал санаачилга, бодлого, үйл ажиллагааг  идэвхжүүлэхийн чухлыг уулзалтад оролцогсод тэмдэглэв.

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, Биологийн олон янз байдал, Цөлжилттэй тэмцэх тухай конвенцуудын хэрэгжилтийг хангах” талуудын зөвлөлдөх уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран гуравдах жилдээ зохион байгуулж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top