ХӨНДӨХ СЭДЭВ | Бордюр бус, гялгар замаа солиоч

2023 оны 11 сарын 14

Цаг хатуурч, цас орж, жавар тачигнах үеэр хэдэн иргэн нь яаж зовдгийг мэдсээр байж маниусаараа тоглож ханадаггүй дарга нар. Хөгжлийн бэрхшээлгүй иргэдийг хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлтэйг нь  бүр мөсөн тэнгэрт илгээх зориулалттай мэт явган хүний налуу гөлгөр замыг солиод өгөөч гэж хэчнээн жил дээдсээс хүсэв, байдаггүй. Нойтон цас орсны дараа энэ зам дээр тогтож явах бүү хэл, зогсоход ямар бэрх байдгийг дээд дарга нар мэдэхгүй. Ядаж байхад яг явган хүний гарцны ирмэг налуу, хэвгий, толигорыг яана.

Ногоон гэрэл хүлээж зогсохын зуурт л өөрийн мэдэлгүй машины зам руу гулгана шүү дээ. Биеэ татаж авахад маш бэрх. Машинууд ямар хурдаа сааж мэдэх биш, хормой шүргэх шахам сүнгэнэнэ. Хүлээж буй явгачууд тогтож ядан дэнжигнэнэ. Арай хийж ногоон гэрэл асахад амжиж гарах гэж пингвин цаашаа юм бээцгэнэнэ. Замын цаад талд хөл тавимагц цаад талын гялгар хэвгий зам буцааж ухраана. Шурд хийн өнгөрөх машин доогуур хийх шахна.

Энэ 11 дүгээр сарын 3-нд эхний их цас орсон, түүнээс хойш 7-хон хоногийн дотор гялгар замын балгаар 435 хүн гэмтэж бэртэн Гэмтлийн эмнэлэг бараадаж, эмч нар өвчтөнөө үзэж барахгүйд хүрчээ. Дайн болж байгаа Украин, Газын зурваст ч шархдагсдын байдал ийм байгаа юу, үгүй юү, мэдэхгүй. Залуус нь дагзаараа голдуу саваж унадаг, хөгшид нь сүүж, нуруу, дунд чөмгөө хугалж гэмтээдэг, гараараа тулснаас сарвуу, шуугаа хугалдаг нь дийлэнх гэнэ. Энэ хэрээр ажлын чадвараа урт, богино хугацаагаар алдана. Зарим нь мэс засалд ороход ч хүрч байна. Насан туршийн хөгжлийн бэрхшээл ч үүнээс үүсэж мэднэ.

“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр өвлийн сар гарах гэж байхад автогень хэмээх гялгар хавтанг галаар түлж арзгар болгодог технологийг туршина гэж Хотын эрх мэдэлтнүүд сая дуугарсан байв уу. Ийм арга байдаг юм бол халуун намраар хийж байхгүй ч яасан юм. Жил хүрэлгүй шахам замын хөвөө бордюр сольж мөнгө угааж байхаар явган замаа янзлах ухаан оролгүй цастай золгосон нь энэ. Гэтэл олон хүний эрүүл мэнд, цаашлаад амь настай холбоотой гялгар хавтанг солих гэхээр шинээрээ байгаа хайран юм гэжээ. Хуулахад их үнэтэй эд юм гэнэ. Бас тэгээд “10-аад жил болсон ч шинээрээ байгаа замыг хуулбал иргэд дургүйцнэ” гэчихжээ.

Замын шинээрээ байгаа бордюр сольж мөнгө унагадаг, энд тэнд хачин хэлбэр дүрстэй чулуу зөөж тавьдагт л иргэд дургүйцдэг болохоос унагаж алчих гээд байгаа хавтан солиход тэгтлээ шүүмжлэхгүй, харин ч талархана шүү дээ. Гялгар гөлгөр замаа түлж арзайлгах гэсээр байтал цаг дулаарч, цас хайлж, хойтон өвөл хүртэл дахиад л “Сүх далайтал үхэр амар”-ын үлгэр болох биз дээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.113.172) 2023 оны 11 сарын 14

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nхаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл\\nманай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802.\\nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\\nYнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
р(202.179.26.35) 2023 оны 11 сарын 14

Замын хашлагыг биш гялгар хавтанг солиоч малнууд аа

0  |  0
Зочин(103.57.92.96) 2023 оны 11 сарын 14

Энэ гялгар хавтангууд Монголд тохирохгүй стандарт байна шүү .Цаашид стандартбайдаг бол өөрчилж ийм зам тавихгүй бараг хуучнаараа байсан дээр шүү\n

0  |  0
Top