Тэр уг нь буруу замаар явах учиргүй, бултаж мэлзэх аргагүй намтартай аавын хүүхэд. Даанч намынхаа галзуу солиотой нөхдийн сүүдэрт бээрч, нэр нүүрээ бардаг талтай. АН-ын нэр хүнд шороонд булуулахдаа тулсан цагт хамт нэр дэвшсэн С.Эрдэнээг орхиод МАН-ын хоёртой парламентад ороод ирсэн. Үүнээс харвал тэр Баянгол дүүрэгт нэр нүүрээ чамгүй өсгөсөн бололтой. АН-аас бурхан дэвшсэн ч хүнд байсан үе шүү дээ. Уг нь Баянгол дүүргийг “С.Эрдэнийн вант улс” хэмээн хаашаа ч хөдөлгөхгүй ам дүүрэн ярьж байсан ч тэр өвдөг шороодсон. Одоо тэгэхээр тус дүүрэг нь С.Одонтуяагийн “вант улс” болсон юм байлгүй.
Түүний эцэг нь 1958 онд Москвагийн Эдийн засгийн сургууль төгсөж ирсэн цагаас хойш Улсын Төлөвлөгөөний Комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, нэгдүгээр орлогч дарга, Гадаадтай Эдийн засгийн талаар Харилцах улсын хорооны дарга, сайд хүртэл дэвшин ажилласан хүн. С.Одонтуяа ч аавынхаа замаар явж, ОХУ-д эдийн засагч мэргэжил эзэмшиж ирсэн социализмын үеийн бүтээгдэхүүн.
Өнөөдөр тэр коммунизм, социалист бүтээн байгуулалтыг харааж зүхээд байх хүн лав биш. Тэр л нийгмийг аав нь бүтээн байгуулалцан, мандаж, эцэст нь отгон охин С.Одонтуяа нь энэ нийгэмд сурч хүмүүжиж, тэр л төрийн зардлаар хойд хөршид суралцаж, тэр л нийгмийн үед ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж байсан гэгээн түүхтэй. Та нар С.Одонтуяа гишүүнийг “Муу коммунистууд”, “Социалист нийгмийн буруу” энэ тэр гээд харааж зүхэж байхыг хараагүй байх. Тэр УИХ-ын чуулганы болон бусад хуралдаан дээр МАН-ынхантай үзэж тарж байдаг ч зөв талд нь сөгдөж байдаг. Тэр бүрий хүмүүс ажиглаж хардаггүй байх. Энэ нь буруу зөрүүг ялгаж таних бага насны хүмүүжлээс нь хэлтэрхий боловч үлдсэнийг харуулна. Улс төрд орсон цагаас хойш либералист арьс нөмөрсөн капиталистуудтай нэг тогоонд үзэж байгаа ч судсаар нь гүйж байгаа коммунист цусаа цэвэрхэн байлгаж өнөөдөрт иржээ. Түүнээс бус С.Одонтуяа “Фортуна” Н.Батбаяр, Г.Баярсайхан, Ч.Сайханбилэг, Х.Баттулга, Н.Алтанхуяг, С.Эрдэнэ гээд яахаас ч буцахгүй худлаа дүр эсгэгчидтэй хэдэн жил улс төр болж тоглосон хүн шүү дээ. Намаа бүү хэл улс орноо зарахаас буцахгүй ийм нөхдийн дэргэд бойжсон хүн гэхэд унаган багын итгэл үнэмшлээ нуугаад авч гарсан гавьяатай хүн. Энэ итгэл үнэмшил түүнээс сална гэж байхгүй. Гагцхүү түүнийгээ бусдаас нуух гэж чамгүй ажил болдог бололтой юм билээ.
Эрхэм гишүүн зургаадугаар ангидаа “Гоцлол хөгжимчдийн улсын уралдаан”-д оролцоод Моцартын “Турк марш”-ийг тоглон нэгдүгээр байр эзэлж, Болгарт амрах эрхийн бичгээр шагнуулж байж, бүлгэмийн зөвлөлийн сонгуульт ажил хийдэг нийгмийн идэвхтэй хүүхэд байжээ. Ямар сайндаа Зөвлөлтийн удирдагч Л.И.Брежневийг Монголд айлчлах үеэр цэцэг өгөх хүүхдийг сонгоход тэр шалгаран бэлдэж эхэлсэн ч хойд хөршийн удирдагчийг ирдгийн урьд шөнө нь халуураад ёслолд оролцож чадаагүй аж. Ийнхүү С.Одонтуяа өөртөө гомдож, бүр уйлаад байсан болохоор дараа жилийн Октябрийн баяраар Ю.Цэдэнбалд цэцэг өгүүлж байсан гэдэг. Энэхэн хэсгээс харахад түүний судсаар ямар цус гүйж, сэтгэлд нь ямар үзэл баримтлал буцалж байгааг тааж ядах юмгүй. Гэхдээ “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг шиг намынхаа журамт нөхдөд таалагдах зүйл хийлгүй яахав. “Алтны дэргэдэх гууль шарлана” ч гэдэг дээ. Үе үе тэс хөндлөн улс төр хийнэ. Нэгэнтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг вакцин татан авалтад саад учруулж, нөлөөлсөн хэмээн хэвлэл мэдээллийнхэнд зарласан. Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлж, онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн нар байсан. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Төрийн өндөр албан тушаалтан ийм зүйл гаргаж болохгүй. Энэ асуудлыг би шалгуулна. УИХ-ын дэд дарга хүн гаалийн байцаагч руу утасдаж, дарамталж Засгийн газрын үйл ажиллагааг гуйвуулах нь ёс зүйд таарахгүй хэмээн шүүмжилж байв. Харин тэр хариуд нь Ерөнхий сайд худлаа мэдээлэл цацсан шүүхэд өгнө хэмээж байв. Үүгээр ч зогсохгүй 100 сая төгрөг нэхэмжилж байсан. Үүнээс хойш нэг жил өнгөрөхөд Л.Оюун-Эрдэнэ ч шүүхэд очсонгүй, С.Одонтуяа ч ямар нэг арга хэмжээ авахуулаагүйгээс харахад зохицсон хэрэг. С.Одонтуяа өөрөө өндөг шиг өөгүй хэмээн мэдэгдэж байдаг ч түүний талаар таагүй мэдээлэл цөөнгүй бий.
Ямартай ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнд холбогдох хэд хэдэн асуудлыг шалгуулах хүсэлтэйгээ илэрхийлж байсан. Тухайлбал, С.Одонтуяа, нөхөр Г.Өлзийбүрэн нар нь өмгөөлөгч Б.Баасанцогттой хамтарч, түүгээр дамжуулж “Ариг” банк болон “Улаанбаатар импекс” компанид давуу байдал олгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүхийн Э, М нарын шүүгч нар, тэдний ойрын хамаарал бүхий хүмүүст авлига, хээл хахууль өгсөн эсэх талаар шалгуулах тухай мэдээлэл байдаг. Мөн тэд Улаанбаатар хот дахь Гаалийн газрын байцаагч нарт нөлөөлж, А хоршооны гаалийн зөрчил бүхий 801 хайрцаг барааг улсын хилээр татваргүй болон хуурамч материал бүрдүүлж оруулж ирсэн, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байдаг МВ компанийн Х нэртэй газрын тосны лиценз дээр бүтээгдэхүүн хуваах гэрээтэй холбоотойгоор албан тушаалын болоод улс төрд нөлөө бүхий байдлаараа өөрсөддөө давуу байдал олгож уг газрын тосны талбай болон бусад ашигт малтмалын лицензийг хууль бусаар эзэмшилдээ авсан, албан тушаалын болоод улс төрийн нөлөө бүхий байдлаа ашиглаж, “Оюутолгой”, “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компаниуд болон ТӨҮГ-уудын худалдан авалтад нь нөлөөлж бараа материал “шахах” зэргээр оролцсон, мөн тэдгээр компани, удирдлагуудаас нь төрсөн хүү Үнэнбүрэнгийнхээ болон өөрийнхөө дансаар хувьдаа мөнгө авсан, мөн Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа хадам ээж Ц гэх мэтийн өөрийн ойр дотнын, хамаарал бүхий этгээдүүдэд дүүргүүдэд хийгдэх ажлын нэр бүхий тендерүүдийг авч өгсөн. Ингэхдээ Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, материал худалдаж авах хууль журам, худалдан авах ажиллагааг зөрчиж давуу байдлаар барилгын болон бусад нэр бүхий тендерүүдийг авсан гэх мэт асуудлуудыг шалгуулна хэмээн ярьж бичиж байв. Үүнээс харвал зүгээр ч нэг гар хумхиад суудаг эмэгтэй биш бололтой.
С.Одонтуяа нийслэлийн нэгдүгээр дунд сургууль, Ленинград хотын Улсын их сургуулийг Олон улсын эдийн засаг, харилцааны мэргэжлээр төгсөж ирээд 1988 онд Шинжлэх Ухаан Техник мэдээллийн төвд мэргэжилтнээр ажлынхаа гарааг эхлүүлж байсан бол зах зээлийн нийгэмд хөл тавьж ахуй цагт буюу 1991 онд "Сант" ББХК-ийн захирал, 1995 онд "Сод трейд" ХХК-ий ерөнхий захирал, 2007 оноос"Иргэн Та Баялаг" сангийн тэргүүн, 2008 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 2011 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх, 2012 онд УИХ-ын гишүүн, 2016 онд Баянгол дүүргийн Засаг дарга 2020 оноос дахин УИХ-ын гишүүнээр сонгогдон, ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Коммунист гэдэг нь батлагдаж байгаа юм бол устгаачээ.
Neg udaa tugelder huur deer Agiinskii polonez togloj baihiig ni harsan sanagdana
ene avgai erun ymar ajil hiij buteesen yum bol ⁉️ harsan uzsen hun bna ⁉️ ajil hiij buteej bgaa ulsiig harluulj shuumjelj baihiin Mongol ard tumen medeh baih iim ulsiin ajild daraa bolson har bodoltoi avgai nariig zailuulval tna ene hugshun avgaig tejeej bdag iluu zardal aa zail hudalch avgai
Одонтуяаг хусахад ямар бол оо. Хусалцаж үзнэ ээ.
2024 оны сонгуульд олон жил УИХ-н гишүүн хийсэн нөхдүүдийг сонгохгүй байх хэрэгтэй байнаа.. Шинэ залуучуудаа дэмжиж..инженер, эмч, ШУ-ны боловсролтой мэргэжилтэй-ажиллаж байсан туршлагатай улс орны ирээдүй хөгжлийн төлөө шинэчлэл хийх зорилготой залуучуудаа гаргаж ирмээр байна.