Цаг хугацааны тухай санаанд багтамгүй 10 баримт

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 28

1963 оны арваннэгдүгээр сарын сүүлээр ВВС эфирээр “Doctor Who” шинжлэх ухаан, уран зөгнөлт цувралын анхны дугаар Галлифрей гарагийн цаг хугацаа, орон зайд аялагчийн адал явдлаар эхэлж байв. Өнгөрсөн хугацаанд Британийн цуврал дэлхий даяар олон сая үзэгчдийг байлдан дагуулж, дэлхийн хэмжээний соёлын нэгэн үзэгдэл болжээ. Телевизийн шоуны 60 жилийн ойд зориулж ВВС Future баг физик, сэтгэл зүй, цаг хугацааны түүхийн тухай цуврал материал бэлтгэснийг хөрвүүлэн хүргэж байна. Цаг хугацаа нь бидэнд бодсоноос ч илүү өргөн ойлголт юм. Тус баг цаг хугацааны талаарх уран зөгнөлт бус! санаанд багтамгүй шинжлэх ухааны баримтуудыг сонирхуулжээ.

ЦАГ ХУГАЦААГ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВАХ НЬ ЭХ ХЭЛЭЭС ШАЛТГААЛДАГ

Нүдээ аниад, цаг хугацааг ямар нэгэн цэгээс эхэлж буй зураас хэлбэрээр төсөөлөөд үз. Эл зураас хөндлөн үү, босоо юу. Магадгүй цаг хугацаа таны хувьд зураас биш харин тэс өөрөөр төсөөлөгдөж байна уу.  Янз бүрийн хэлээр ярьдаг хүмүүсийн хариулт өөр өөр. Хэл нь цаг хугацааны тухай ойлголтыг ихээхэн тодорхойлдог байна. Англи зэрэг хэлд өнгөрснийг ард байгаа, харин ирээдүйд урд буй нэгэн зүйл гэдэг бол цаг хугацааг ерөнхийд нь зүүнээс баруун руу чиглэсэн нэгэн төрлийн хөндлөн зураасаар төлөөлдөг. Харин Хятад хэлээр ярьдаг хүмүүс цаг хугацааг босоо зураасаар төлөөлдөг ба ирээдүйн нь өнгөрснөөс доор байрладаг. Грекүүд цаг хугацааг гурван хэмжээстэй гэж үздэг. Цаг хугацаа нь “том”, “их” байх боломжтой, харин бидний хувьд ердийн “урт хугацаа” грек хүний хувьд ямар ч утга учиргүй. Цаг хугацааг тодорхойлохдоо хэрэглэж буй хэл нь бидний хэрхэн мэдээллийг тогтоож байгаа, бүхэлдээ хэрхэн сэтгэж байгаад мөн тусгалаа олдог.

 

Ертөнц төгсөхөд өнгөрсөн, ирээдүй үгүй болно

 

Та бидний нэгэн адил цаг хугацаа хөгшрөхийн хэрээр өөрчлөгддөг. Гэхдээ энэ тохиолдолд ертөнцийн хөгшрөлтийн тухай ойлголт юм. Өнгөрснөөс ирээдүй рүү чиглэсэн “цаг хугацааны сум” Их тэсрэлтээс эхтэй гэж үздэг байна. Хорвоо ертөнц үүсэх үед энтропи буюу санамсаргүйн, сансрын эмх замбараагүй байдлын түвшин маш бага байжээ. Галактик бүрэлдэн тогтохын хэрээр энтропи нь нэмэгдэж, цаг хугацаанд чиглэл тогтсон гэж үздэг байна. Тийм  ч учраас өндөг хагалж, доторхыг нь холиход маш хялбар бол өндөгний хальсыг эргүүлж бүтэн болгох, шарыг нь цагаанаас нь буцааж ялгах боломжгүй байдаг. Ертөнцийн түүх хэрхэн төгсөх нь тодорхойгүй ч материйн энтропи нь дээд хэмжээнд хүрвэл өөрөөр хэлбэл түүний эмх цэгцтэй байдал нь алга болоход цаг хугацааны сум утга учир, чиглэлээ алдана гэсэн таамаг бий. Өөрөөр хэлбэл, тухайн үед ертөнц дээрх бүх өндгийг хагалсан байх ба тохиох зүйл ч үгүй болно.

ЦАГ ХУГАЦААГҮЙ УХАМСАРЛАСАН ТУРШЛАГА ҮГҮЙ

Бид тоолж чадна. Улмаар оршиж байна гэсэн үг. Цаг хугацааны урсгал нь амьдралын нүдэнд үл үзэгдэх зүрхний цохилт мэт бидний ухамсрын мөч бүрд нөлөөлдөг. Цаг хугацаа ба хувь хүн хоёр нягт холбоотой. Гүн агуйд, тас харанхуйд байгаа хүн хүртэл өөрийн биеийн дотоод цагийг буюу хүний биологийн цаг /хоногийн хэмнэл/ дагасан хэвээр байдаг. Британийн Колумбын их сургуулийн шинжлэх ухаан, мета физикийн гүн ухаан судлаач Холли Андерсены хэлснээр, цаг хугацааны мэдрэмж алдагдахад өөрийгөө мэдрэх мэдрэмжид нөлөөлдөг. Цаг хугацааны урсгалд нэвчилгүйгээр ямар нэгэн зорилготой туршилт хийх боломжгүй гэж тэр үзэж байна. Учир нь хувь хүн болж төлөвших нь цаг хугацаатай салшгүй холбоотой ба аливаа туршлага дурсамж хэлбэрээр ой санаанд үлддэг. Цагийн явцад эдгээр дурсамжууд нь биднийг төлөвшүүлж эхэлдэг байна.

 

100 хувь нарийвчлалтай цаг үгүй

 

Технологи хөгжихийн хэрээр хэмжил зүйчид цаг хугацааг секунд, минут, цагаар буюу илүү нарийвчлалтай хэмжих шинэ шинэ аргыг олсоор л байна. Тэдний сүүлийн бүтээл болох атомын цаг өмнө нь бүтээсэн цагуудаас хамаагүй давуу ч бас төгс бус. Үнэндээ дэлхий дээр туйлын зөв цаг гэж байдаггүй аж. Цаг хугацааг тодорхойлох үйл явц нь өнөөг хүртэл дэлхий даяар цаг хугацааг тодорхойлох олон төрлийн цагны үзүүлэлтүүдийг харьцуулсан харьцуулал дээр үндэслэдэг. Улс орон бүр өөрийн гэсэн цаг хугацааны үндэсний лабораторитой. Тус лаборатори нь Парис дахь Олон улсын жин, хэмжүүрийн товчоонд цагны мэдээллүүдээ тогтмол илгээдэг. Эдгээр мэдээлэл дээр үндэслэн тус товчоо цаг хугацааны дундаж утгыг тооцоолон гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, цаг хугацаа гэдэг нь хүний зохиосон зүйл гэж хэлж болно.

БИД ТАРХИНДАА ЦАГ ХУГАЦААГ МЭДЭРДЭГ

Бидний мэдрэхүй маш олон хүчин зүйлсийн нөлөөлөлд байдаг. Эдгээрээс хамгийн чухал нь ой санамж, төвлөрөл, сэтгэл хөдлөл болон цаг хугацаа нь ямар нэгэн орон зайн хэлбэртэй гэсэн ерөнхий мэдрэмж. Цаг хугацааг мэдрэх нь бидний оюун санааны бодит байдалд батжуулдаг. Цаг хугацаа нь бидний амьдралаа хэрхэн зохион байгуулахаас гадна хэрхэн амьдарч буй нь тулгуурлаж байдаг. Нэг талаас энэ нь тодорхой хэмжээгээр бидэнд өөрийн сэтгэл хөдлөлөө хянах боломж олгодог. Жишээ нь амьдрал хажуугаар урсан өнгөрч байгаа тэр мэдрэмжээс салах боломж олгодог. Шинэ бүхний хүчин зүйл бидний хамгийн том туслагч. Олон тооны судалгаанаас үзвэл, нэгэн хэвийн давтагдах ажил хийдэг хүмүүсийн мэдрэхүйд цаг хугацаа илүү хурдан өнгөрдөг байна.

 

XXII зууныхан бидний дунд амьдарч байна: ТЭД ИРЭЭДҮЙГЭЭС ИРЭЭГҮЙ

 

Заримдаа XXII зууныг хүлээх нь маш удаан мэт санагдаж магадгүй. Тэр үед дэлхий дээр одоо үед төрөөгүй үеийнхэн амьдрах юм шиг санагддаг. Гэтэл 2100 шинэ оныг угтах салютыг нүдээрээ үзэх XXII зууны олон зуун хүн бидний дунд алхаж байна. 2023 онд төрсөн хүүхэд тэр үед 80 ч хүрээгүй байх юм.  Тиймээс урт хугацаанд өнгөрсөн ч тэр, ирээдүй ч тэр бидний бодсоноос ч ойр аж. Гэр бүлийн харилцаа холбоо бидэнд өнгөрсөн болон ирэх зуунтай нэг алхмын зайтай орших боломж олгодог.

ХЭН Ч ЦАГ ХУГАЦААНЫ ЭРГҮҮЛЭГТ ОРОХ МАГАДЛАЛТАЙ

Цаг хугацаа хүн болгоны хувьд нэг хурдаар урсдаггүй. Ер нь цаг хугацаа гэдэг нь бидний толгой л байдаг. Шаварт суусан автомашин байрнаасаа хөдлөлгүй, тал тал тийш шавар цацахад цаг хугацаа зогссон мэт санагддаг. Энэ үед бидний ухамсар зөнгөөрөө “сохор номины нүх рүү шумбан ордог”. Зүгээр л өөрийгөө хамгаалахын тулд. Ийм тохиолдолд стресс тархин дахь мэдээлэл боловсруулах явцыг түргэсгэж, амин чухал үйл явдлыг даван туулахад тусалдаг. Тархины үйл ажиллагаа алдагдахад /эпилепси эсвэл тархинд цус харвах тохиолдол/ цаг хугацаа эсвэл түргэсэж эсвэл бүрэн зогсдог. Зарим хүмүүс, жишээ нь тамирчид шаардлагатай үед хүчээр цаг хугацаа алдагдсан мэдрэмж төрүүлэхийн тулд тархиа зориудаар сургадаг байна. Жишээ нь серфер усны давлагаанд орохдоо тархиндаа ийм тохируулга хийдэг. Цаг хугацаа нь харьцангуй эмзэг төсөөлөл. Нэг л мөчид бидний хэнбугай ч өөрчлөгдсөн бодит байдалд орох боломжтой.

 

Үнэндээ хэн ч бодит цагт амьдардаггүй

 

Үүнийг уншихдаа бид одоо цагт, яг одоо байна гэж төвөггүйхэн боддог. Гэвч яг ч бас тийм биш аж. Энгийн жишээгээр үүнийг батлах боломжтой. Та урд нь сууж байгаа хүнтэй ярилцаж байна гэж төсөөл. Ярилцагчийн уруулын хөдөлгөөн таны чихэнд үг нь хүрэхээс өмнө харагдана. Үүний шалтгаан тун энгийн. Гэрлийн хурд дууны хурднаас хамаагүй их. Гэвч тархи эдгээрийг тохирч байхаар тааруулдаг. Үүнээс ч илүү сонирхолтой зүйл бий. Бидний мэдэх физикийн хуульд математикийн тооцоололд үндэслэн цаг хугацаа зарим үед эсрэг чиглэлд явах боломжтой гэж үздэг. Гэхдээ энэ нь бичил буюу квант түвшинд тухайн хаалттай системд энтропи багасах үед болдог байна.

САРНЫ ТАТАЛЦЛААС БОЛЖ ДЭЛХИЙН ХОНОГ УРТСАЖ БАЙНА

Нарыг тойрон эргэлдэх манай гарагийн байнгын дагуул болох сар маш удаан, бараг үл анзаарагдам дэлхийгээс холдож байгааг мэдвэл та гайхах байх. Сар, дэлхий хоёрын хоорондын зай жил бүр 3.8 см-ээр ихсэж байгаа ба энэ хэрээр мөн л маш удаан, бараг үл анзаарам дэлхийн хоногийг уртасгаж байдаг. Энэ нь сарны татах хүчний нөлөөллөөр болдог. Сарны татах хүч дэлхийд түрлэг, татлагыг үүсгэдэг. Ус далайн ёроолтой үрэлцсэний дүнд манай гарагийн эргэх хурд бага багаар удааширдаг. Харин сар үүний дүнд нэмэлт энерги авч, улмаар илүү өндөр тойрог замд гаран дэлхийгээс улам бүр холдож байна. Эргэлтийн хурд аажмаар удааширснаар сүүлийн 3.5 зуунд буюу ажиглалт эхэлсэн XVII зууны сүүлчээс эхлэн зуун жил тутам дэлхийн хоногийн үргэлжлэх хугацаа ойролцоогоор 1.09 секунд, зарим тооцооллоор 1.78 секундээр уртсаж байна. Энэ нь туйлын бага хугацаа мэт санагдаж магадгүй ч энэ үйл явц 4.5 тэрбум жил үргэлжилж буйг мартаж болохгүй.

 

Хүн болгон 2023 онд амьдраагүй

 

Ихэнх балба хүний хувьд энэ нийтлэл 2023 онд бус 2800 онд гарч буй. Балбын “Бикрам Самбат” он тоололд энэ жил 2800 дахь он. Балбын янз бүрийн угсаатнууд дор хаяж дөрвөн янзын хуанли ашигладаг. Тус улс даяар стандарт цагийн бүсээс зориудаар 15 минутын зөрүүтэй байдаг. Исламын тооллоор зургаадугаар сард 1445 оныг тэмдэглэсэн бол иудейн шашинтнуудын хувьд 5784 дахь он өнгөрч байна. Мьянмарт 1384 он, Тайландад 2566 он, жилд 13 сартай Этиопт дөнгөж 2016 он тохиож байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top