Лох Сиен Чи-д холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болголоо

2023 оны 11 сарын 29

Монгол эмэгтэйчүүдийг бэлгийн дарамтанд оруулж, улмаар хувь хүний нууцтай холбоотой дүрс бичлэг хийж айлган сүрдүүлж, гадаад улсад худалдаалдаг байж болзошгүй гэгдэж байсан 64 настай Сингапур улсын иргэн Лох Сиен Чи гэгчид холбогдох хэргийг Монгол Улсын дээд шүүх хянан хэлэлцжээ.

Тодруулбал, Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Лох Сиен Чи-д холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Бүгд Найрамдах Сингапур улсын иргэн Лох Сиен Чи-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг хууль бусаар олж авсан”, мөн хуулийн тусгай ангийн 13.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг олж мэдсэн хүн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр задруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, нийт 1 жил 8 сар хорих ял оногдуулжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцээд шүүгдэгчийн өмгөөлөгчдийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Лох Сиен Чи-д оногдуулсан хорих ялыг 15,400,000 төгрөгөөр торгох ял болгон өөрчилсөн байна.

Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ “хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр цахим сүлжээ ашиглаж задруулсан" гэх хүндрүүлэх шинжийг орхигдуулж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top