Дэлхийг байлдан дагуулж буй BLACKPINK хамтлагийн гишүүд YG энтертайнменттай хамтран ажиллах гэрээгээ албан ёсоор сунгажээ.
YG энтертайнментийн зүгээс "BLACKPINK-тэй сайтар ярилцсаны эцэст бид бие биенийхээ дунд үүссэн итгэлцэл дээр тулгуурлан хамтлагийн үйл ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр YG дахь дэлхийн уран бүтээлчидтэй хамт дэлхий даяарх BLINK-үүдэд зориулсан үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно. Шинэ цомгууд болон аялан тоглолтууд хийхээр төлөвлөөд байна" гэжээ.
Тус энтертайнментийн захирал Ян Хён Сог "Би BLACKPINK-тэй харилцаагаа үргэлжлүүлэх боломжтой болсондоо баяртай байна. Цаашид BLACKPINK дэлхийн хөгжмийн зах зээл болон К-Поп уран бүтээлчийн хувьд улам гялалзахын тулд чадах бүхнээ хийх болно. Би тэдэнд бүрэн дэмжлэг үзүүлж, хийж байгаа зүйлд нь итгэх болно" хэмээжээ. Хамтлаг гэрээгээ сунгасан гэх мэдээлэлтэй зэрэгцэн YG-ийн хувьцаа даруй 20 хувиар өсжээ.
Хоёр дахь BLACKPINK хэмээн нэрлэгдээд буй BABYMONSTER хамтлаг үзэгчдийн хүлээлтэд хүрээгүй ч хандалтаараа олон улсад тэргүүлж буй. Үүнтэй зэрэгцэн дэлхий дахинаа YG-ийн шинэ хамтлагт орох авъяастнуудын сонгон шалгаруулалт зарлагдана гэх мэдээлэл цацагдаад байгаа нь олон нийтийг багагүй гайхшруулаад байгаа билээ.
Мөн BIG BANG хамтлагийн гишүүн GD энтертайнментаасаа гарч Galaxy корпорацитай гэрээ байгуулсан гэх мэдээлэл цацагдаад байгаа бөгөөд 2019 онд байгуулагдсан уг компани Physical: 100, Street Woman Fighter зэрэг алдартай шоунуудыг хийж байсан туршлагатай ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Лизагийн найз залуу гэрлэхгүй гэсэн үг юм байна. Компаниа бараадсан нь өлзийтэй байх л даа. Одоо энэ хэд тав ззургаан жил л энэ компанид хэрэгтэй байх даа. Тэгээд дарагийнх нь хүчээ аваад ирнэ. Эд нар ч гуч гарчихна.