Хью Грант: Хүүхдүүдээ өсгөхийн тулд кинонд тоглосноо үзэн ядаж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 06

 

Их Британийн алдарт жүжигчин Хью Грант энэ жил 63 нас хүрч буй. Түүний тоглосон "Wonka" хэмээх киноны хэвлэлийн бага хурал хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн бөгөөд хурлын үеэр тэрээр уг киног "үзэн ядаж байна" гэжээ. 

"Чарли ба шоколадны үйлдвэр" киноны Вилли Вонкагийн залуу насны тухай өгүүлэх энэхүү кинонд Хью Грант Оомпа Лумпа хэмээх одойн дүрийг бүтээжээ. Түүний дүрийг тусгай камер, тоног төхөөрөмжийн тусламжтай бүтээсэн бөгөөд энэ нь түүнд хүндрэлтэй хийгээд сонирхолтой байсан тухай дурдсан байна. 

 

 

Сэтгүүлчид түүнээс дүр бүтээх ямар байсан тухай асуухад Хью Грант "Би үүнийг юу юунаас ч илүү үзэн ядаж байна. Надад яг л өргөстэй титэм зүүсэн юм шиг л санагдаж байсан нь маш эвгүй байсан. Би тэрүүгээр нэг шуугиан тарьж орхисон. Би үнэхээр бүх зүйлийг үзэн ядаж байсан" гэжээ.

Түүнээс гаргасан үр дүнгээ хараад сэтгэл хангалуун байгаа талаар асуухад "Үнэхээр үгүй. Би үүнийг үнэхээр үзэн ядаж байна. Гэхдээ би олон хүүхэдтэй, надад бас мөнгө хэрэгтэй. Тиймээс л уг кинонд тоглосон" хэмээн хошигножээ. 

 

 

Жүжигчин Хью Грант 5 хүүхэдтэй бөгөөд хамгийн бага нь 5 настай. Зураг авалт үнэхээр хөгжилтэй байсан тухай дурдсан тэрээр шинэ зүйлс туршиж үзсэндээ баяртай байгаагаа дурджээ. Кино сонирхогчдын зүгээс уг кино өндөр үнэлгээ авах төлөвтэй байна. Оомпа Лумпагийн эелдэг хийгээд бүдүүлэг байдал нь Хью Грантын жүжиглэлттэй сайн нийцэж байгаа тухай хэвлэлүүд онцолжээ. 

Тус киноны найруулагч Пол Кинг хэвлэлд өгсөн ярилцлагадаа Грантыг Оомпа Лумпагийн дүрд тоглуулах болсон шалтгаанаа түүний хачирхалтай зан чанартай холбон тайлбарлажээ. "Wonka" хэмээх энэхүү кино Хойд Америкт энэ сарын 15-ний өдөр албан ёсоор нээлтээ хийх бөгөөд Холливудын од Тимоти Шаламе уг кинонд тоглосон нь олны анхаарлыг ихээр татаад байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top