"Хархорум" олон улсын кино наадмын баримтат киноны уралдаант хэсэгт шалгарсан Найруулагч Л.Номингийн бүтээл "Хүрд" баримтат кино үзэгчдийн хүртээл боллоо.
Тус баримтат кино Амстердамын олон улсын баримтат киноны фестивалийн дунд хэмжээний баримтат киноны төрөлд шилдгээр шалгарч байсан билээ.
Ази, Европ, Латин Америкийн орнуудад зохион байгуулдаг хүний эрхийн чиглэлийн 20 гаруй кино наадамд уригдан оролцож, дэлхийн 20 гаруй орны үзэгчдийн хүртээл болсон энэхүү кино "Хархорум" олон улсын кино наадмын нээлтийн кино болон ийнхүү дэлгэцнээ гарч эхэллээ.
Тус кино наадам нь 12 дугаар сарын 07-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Өнөөдөр /12 дугаар сарын 07/ Шангри-Ла Өргөө кино театрт кино наадмын эхний үзвэрүүд болох “Monster” уран сайхны кино III-р танхимд, “Transition” баримтат кино V-р танхимд эхэллээ.
Кино наадмын үзвэрүүд нь 12 дугаар сарын 07-12-ны хооронд Шангри-Ла Өргөө кино театрт үнэ төлбөргүй үзэгчдэд хүрч байгаа бөгөөд кино урлаг сонирхогч та бүхэн олон улсын шилдэг уран бүтээлүүдийг хүрэлцэн ирж үзэхийг хүсье
Сэтгэгдэл ( 0 )